![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
“Бэлтгэл” ангиа дүүргэж хууль тогтоох үйл ажиллагааны дөр суусан шинэхэн эрхмүүд ээлжит чуулгандаа орохдоо ямар ч гэсэн хууччуулаасаа нэг их дор орохооргүй, аль кнопоо хэзээ дарахаа ах нараасаа асуухааргүй болсон гэдэг нь эргэлзээгүй. Жагсч цуглаж нүүр хагарсан эрхмүүд тэдний дунд цөөнгүй болохоор телевизийн камерын өмнө ээрч түгдрэх нь гайгүй гэсэн нэг онцлогтой.
Нэгэнт бэлтгэлээ хийгээд зүгширчихсэн эрхмүүдийг одоо хамгийн анхны ээлжит чуулган нь хүлээж байна. Намрын чуулганаар тэд Монгол Улсын 2013 оны төсвийг батална. Хуучин парламентаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг гаргачихсан болохоор төсөв хийхэд бас ч суурь байгаа. Тойргоос сонгогдсон гишүүд тойрог руугаа “хулганын хөеө” зөөх гэж уралдах байх. Харин намын листээр орсон гишүүдэд тойрог гэх өмч байхгүй тул “хөеөчдөд” гайгүй хяналт тавих байх гэж найдна.
Ирэх намрын чуулганаар таван суудал нь эзгүй байгаа УИХ элэг бүтэн болно. Өвөрхангайн тойргийн маргаан нэг тийш болж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулж, “Шударга ёс” эвслийн эзнээ хүлээсэн нэг суудал дүүрч УИХ 76-уулаа болж ам бүл бүрэн бүтэн болохын ерөөл тэгшрэх гэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Одоо хяналтын шатны шүүх байгаа ч экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гаднын, олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд буй. Олон улсын шүүх хэргийг хүлээж авч шийдвэрлэхийг хүлээж “Шударга ёс” эвсэл нэг суудлаа хадгалсаар байх аваас 76 дахь гишүүн тангаргаа өргөлгүй хэчнээн ч хугацаа өнгөрч мэдэх нь.
Намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлого батална гэдэг гишүүдээс ихээхэн ур чадвар, ухаан шаардаж цаашдаа улстөрч болох уу, дөрвөн жил зүгээр л кнопчин хийх үү гэдгийг ялгаад өгнө. Бас энэ чуулганаар УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болох нигуур бүрдэж байгаа. Тэгвэл УИХ-д бас нэг дэд дарга нэмэгдэж түүхэндээ анх удаа гурван дэд даргатай парламент гэгдэнэ. МАН-ын гишүүд байнгын хороодод хуваарилагдаж бүрэн эрхээ бүрэн эдлэх боломж намрын чуулганаар нээгдэнэ.
Орон нутгийн сонгууль намрын чуулганы хугацаанд болно. АН ялалтаа орон нутагт бататгаж хөл тулгуураа бэхлэх үү, өрсөлдөгчид өрсөх үү гэдгийг арваннэгдүгээр сарын сүүлээр харуулна.
Ийм сонин сайхантайгаар, төсөв баталж, бүлэг нэмсэн анхны намрын чуулган тун удахгүй үүдээ нээх гэж байна.