Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхлэв

Есдүгээр сарын 27-ны пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлсэн тухай “The Washington Post” сонин мэдээллээ. Хугацаанаас өмнө санал өгч болох анхны муж улс нь Айова болов.

Есдүгээр сарын 27-ноос эхлэн Айовагийн сонгогчид хяналтын нэгэн оффист санал өгч болох ба санал бүхий сонгогчийн түр үнэмлэхээ шуудангаар явуулж болох гэнэ. Айова муж улс нь “хэлбэлзэлтэй” гэж тооцогддог ба тэндхийн сонгуулийн дүн эцсийн мөчид л тодорхой болдог аж. Тийм ч учраас ерөнхийлөгчид нэр дэвшигчид “хэлбэлзэлтэй” мужуудын саналыг татах гэж хичээдэг. Тийм мужуудаар өмнө нь Охайо, Коннектикут, Индиана, Флорида тооцогдож байжээ.

“Associated Press” агентлагийн иш татсан олон нийтийн санал асуулгаар тус мужид өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама ихээхэн дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа ажээ. Үүний бас нэг гэрч нь сонгогчийн түр үнэмлэх авахаар ардчилагч нараас гаргасан хүсэлтийн тоо болж байгаа гэнэ. 

Айова мужаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид зургаан сонгогчдын төлөөлөгчдийн саналын төлөө өрсөлдөх юм. Тэд бүгд уг мужид хамгийн олон санал авсан нэр дэвшигчид саналаа өгөх ёстой. Сонгуульд ялахын тулд нэр дэвшигч сонгогчдын төлөөлөгчдийн 270 хүний саналыг цуглуулахад хангалттай болдог.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арван нэгдүгээр сарын 6-нд болно. Өнөөгийн ерөнхийлөгч Обамагийн гол өрсөлдөгч нь Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни болж байгаа. Америкийн 50 муж улсын 34-т нь урьдчилсан санал өгч болдог ба өөрийн биеэр санал өгөх төвд очсон байх ёстой гэнэ. Нийт 28 мужид шуудангаар саналаа урьдчилаад өгч болдог ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж