Эверестийг зорьсон онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Эверестийг зорьсон онгоц осолджээ

Балбын нийслэл Катманду хотын нисэх буудлаас Эверестийг зорин хөөрсөн онгоц осолдсон тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Онгоц 19 зорчигч тээвэрлэж явсан бөгөөд өнөөдөр өглөө Катманду хотын зүүн өмнөд хэсэгт орших Манохара мөрний ойролцоо осолдсон талаар албаны хүмүүс мэдэгдсэн байна. Онгоц хөөрснөөс хойш тун удалгүй осолдож, газарт унан шатаж эхэлсэн гэнэ. Балбын гурван нисгэгчээс бүрдсэн нислэгийн багийнхан, мөн гадаадын иргэд онгоцонд зорчиж явсан бөгөөд одоогоор зорчигчдын талаарх мэдээлэл болоод хохирлын талаар олон нийтэд мэдээлээгүй байна. Учир нь онгоц гал авалзан шатсан тул зорчигчдыг танихад бэрхшээлтэй байгаа гэнэ. Ослын газар гал унтраах, аврах анги болоод цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа юм байна.

НЭМЭЛТ 16.30 цаг:

Хамгийн сүүлийн мэдээллээр онгоцонд зорчиж явсан 19 хүн бүгд амиа алдсан болохыг мэдээлжээ. Балбын “Sita Air” компанийн тус онгоц хос хөдөлгүүртэй байжээ. Английн Гадаад хэргийн яамны мэдээлснээр амиа алдсан 16 зорчигчийн долоо нь тус улсын иргэд байсан гэнэ. Цагдаа нарын мөрдөн шалгалтын явцад тус онгоцонд Английн долоо, Хятадын тав, Балбын долоон иргэн  явж байсан аж. Ослоор амиа алдсан хүмүүсийг Катманду хотын эмнэлгийн цогцос хадгалах газарт хүргээд байгаа гэнэ.

Трибуван олон улсын нисэх онгоцны буудлын Ерөнхий менежерийн мэдээлснээр онгоцны осолдсон шалтгаан тодорхойгүй, гэхдээ шалтгааныг нарийвчлан тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

























NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж