АНУ-ын Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр тус улс Ливийн нийслэл Триполи дахь Элчин сайдын яамны үйл ажиллагааг зогсоож, албан хаагчдаа түр хугацаагаар өөрийн улс руу эргүүлэн татжээ. Төрийн албатуудаа АНУ ийнхүү эргүүлэн татахаар болсон нь есдүгээр сарын 11-нд Ливийн Бенгази хотод болсон Америкийн Элчин сайд Кристопер Стивенс халдлагад өртөн амиа алдсан явдалтай холбоотой юм. Ливи дэх АНУ-ын Элчин сайд амиа алдсан явдал нь Америкт лалын шашинтнуудыг гутаан доромжилсон утга агуулгатай киноноос үүдэлтэй юм. Түүнчлэн олон улсын зарим эх сурвалжийн өнөөдөр буюу баасан гаригт мэдээлснээр дэлхий дахинд лалын шашинтнуудын киног эсэргүүцсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал одоо болтол үргэлжилсээр байна. Иймд лалын шашинтай дэлхийн олон улс орон, ялангуяа Ливид нөхцөл байдал улам ширүүсч буйтай холбоотой АНУ Триполи дахь Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэхээс аргагүй байдалд хүрээд байгаа юм. Цагаан ордноос мэдээлснээр Элчин сайдын яамны үйл ажиллагаа ийнхүү түр хугацаагаар зогсонги байдалд орох аж. Гэсэн хэдий ч албаныхны мэдээлснээр Ливи дэх Элчин сайдын яамны үйл ажиллагаа хэр хугацааны дараа эргээд хэвийн үйл ажиллагаандаа орох нь тодорхой бус байгаа аж.
Э.Анхтуяа