“Улаанбаатар буян” компанид 67 настайдаа таалал төгссөн бурхан болоочийг эцсийн замд нь үдэхээр төрөл төрөгсөд, ар гэрийнхэн нь иржээ. Тэд гашуудлыг илтгэн хар хувцас өмссөн байх ч, талийгаачийг хойдхын төрөлдөө сайн сайхныг олохыг бэлгэдэн царай нь нэг л амгалан. Ар гэрийнхэн нь талийгаачийг төрсөн нутгийнх нь бууринд сац босгон оршоохоор болжээ. Буяны ажил 30 минутын хугацаатай үргэлжилж дараагийн цуваа иртэл цаг гаруй хүлээхээр болов. Энэ хугацаанд үйлчилгээний ажилчид бурхан болоочтой салах ёс гүйцэтгэх танхимыг чөлөөлж, чандарлах зуухыг ч тусгай бодисоор ариутгаж амжлаа.
Удалгүй дараагийн гашуудлын цуваа ирэв. Ид залуухан 25 хүрсэн нэгнийг эцсийн замд нь үдэж байгаа аж. Зуурдын ослоор өөд болсон түүний ээж, аав, ар гэрийнхний гашуудлыг хөндлөнгөөс харсан хүний сэтгэл эмзэглэхээр…
Өдөрт 3-4 хүн хойдхын буянаа үйлдүүлдэг гэх энэ газар энэ өдөр ч хүний хөл тасарсангүй. Чандарласан хүмүүсийг оршоодог нэгэн сувраганд 2000 гаруй шарилын чандар багтдаг гэх бөгөөд жилд хоёр суврага дүүрдэг гэдгийг тэндхийн ажилчид баталж байсан юм.
…Бэлтэй нэгэн нь “Улаанбаатар буян” компанид чандарлуулж байхад зарим нэгэн нь Нарангийн энгэр, Даландавхар гэх оршуулгын газруудад талийгаачдыг оршуулдаг ажээ. Нарангийн энгэр гэх оршуулгийн газар өнгөрөгч баасан гаригт л гэхэд 5-7 хүнийг оршуулав. Гэтэл тэнд бүхэл бүтэн, сэвтэж, хөндөгдөөгүй шарил тун цөөн.
Гялгар уутнууд хийсэлдэж, өрөөсөн гутал, хайрцаг сав тэргүүтэн хөсөр хэвтэнэ. Шарилын чулуунууд халтартаж, шүршдэг будганд дарагдан, мөнх нойрссон нэгний алдар нэр нь замхарчээ. Зарим шарилын саарал чулуу тэхий дундуураа хагарч хэн гэдэг хүн нойрссоныг тааварлахын аргагүй болжээ. Зарим шарилын таг нь онгойж, гаднаас нь талийгаачийн цогцос ч харагдахаар болж. Тэртээд ноход хуцалдаж, тэнгэрт хар хэрээнүүд эргэлдэнэ. Эндхийн олон шарил онгойж, онгоогүй шарилынх нь чулуун дээр үхсэн амьтдын сэг, зэм харагддаг болохоор магад хоол эрж ч байж болох юм.
“Энд маш олон хүн оршуулдаг. Зарим өдөр бүр 10-20 оршуулга болдог. Би худлаа яриагүй шүү. Зарим нь бүр талийгаачийнхаа шарилыг нууцаар ил тавьсан байдаг. Тэглээ гээд түүнийг зайлуулах эрх хэнд ч байхгүй шүү дээ. Шарил тоногчид ч бий. Шинээр тавьсан булшин дээрх хоол унд, идээ ундааны зүйлийг аваад буцдаг юм. Хөөж зайлуулмаар байдаг ч ганц би хүчрэхгүй шүү дээ” гэж өөрийгөө Нарангийн энгэрийн манаач гэж танилцуулсан Ч.Төмөрөө ярив.
Ямар ч хаалга, хамгаалалтгүй гэх энэ газар хогийн цэгтэй хаяа дэрлэн байрлаж байна. Нарангийн энгэрийн оршуулган дунд хийсэх хогнуудыг харвал чухам аль нь оршуулгын газар, аль нь хогийн цэг юм бол гэдгийг мэдэхэд бэрхтэй.
Нийслэлийн хэмжээнд жилд 8000-6500 хүн, сард 450-600 хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Долоо хоногт 110-150 хүн нас бардаг гэх мэдээлэл ч байна. Эдгээр нас барагсдын 70-75 хувийг оршуулгын газарт оршуулдаг. Үүнийг хотыг тойрсон оршуулгын газрын хаяаг тэлж байгаа нэгэн хүчин зүйл гэж үздэг.
Талийгаачдыг газарт оршуулсан тохиолдолд хүний зөөлөн эд 3-5 жилд, хатуу эд 60-70 жилд задардаг ажээ. Ингэж удаан хугацаагаар задрахад агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий дэгдээдэг аж. Хэрвээ задарч дуусаагүй байгаа үед шарилын хайрцгийг онгойлговол дээрх хорт хий шууд салхитай урвалд орж хотоор нэг тархдаг ажээ. Хэрвээ задарч бүрэн дуусаагүй буюу 25-35 жил болсон шарилын таглаа онгойвол тэр хорт бодисууд хүчилтөрөгчтэй урвалд орж их хэмжээний хортой бодис агаарт тархдаг байна. Хүнийг далд оршуулсны дараа цогцос ялзарч хөрс бохирддог бөгөөд халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Янз бүрийн халдварт өвчин болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай юм байна.
Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 оршуулгын газар байдаг бөгөөд эдгээрийн дийлэнхийг хаажээ. Гэсэн хэдий ч зөвшөөрөлгүйгээр иргэдийг оршуулах, ил тавих явдал өнөөг хэр нь буураагүй л байна.
Харин шарил чандарлах явдал жирийн иргэдийн хувьд маш өндөр үнэтэй. Тухайлбал, салах ёс үйлдэх, машинаар үйлчлэх үйлчилгээ 260-380 мянган төгрөг байдаг бол шарил чандарлах үйлчилгээ 150-350 мянган төгрөг байдаг аж. Шашны зан үйл болон сац, бумбаар үйлчлэх, хадгалах үйлчилгээ 150-230 мянган төгрөгийн үнэтэй. Бүгдээрээ нийлбэл 560-960 мянган төгрөгийн үнэтэй болох юм. “Улаанбаатар буян” компаниар жилд үйлчлүүлэгчдийн тоо 15 мянгаас хол давдаг бөгөөд хотын хоёр талд байгаа чандарлах байруудад тус бүр 2000 хүний чандар багтаамжтай арав гаруй суварга босоод байна.
Хорвоогийн хуудас эргэсээр, хүний амьдрал урссаар. Амьдрал үргэлжилж байна. Харин нас барагсдад хоёр тавилан үйлчилсэн хэвээр…