Ер бусын уянгалаг, намуухан аялгуут дуунд зүрх сэтгэлээрээ автсан үзэгчид нүдээ аньж, нийлүүлэн барьсан гарын хоёр алгаа дэлгэн суухыг харахад ямар нэгэн бясалгалын сүмд байгаа мэт сэтгэгдэл төрж байв.
Дуу болгоны өмнө их багш Шри Чинмойн дотоод сэтгэлийн амар амгалангаа олохын ач тусыг номлосон гүн утгатай сургаалуудаас хэлж, дуучид нь алга хавсран залбирч, чин сэтгэлээсээ дуулж байсан нь үзэгчдийн зүрхний угт хүрч байсан юм. Хүн бүр дотоод сэтгэлийн ариуслыг умартан, гадаад ертөнцийн гоо сайхан буюу өнгөнд шунан дурлаж байгаа энэ цагт тэдэнд ухаарал хайрласан гэгээлэг тоглолт байсан.
Төгс гэгээрсэн их багш Шри Чинмой нэгэнтээ “Хөгжмийг ухаанаараа ойлгохыг бүү хичээ. Тэр бүү хэл зүрхээрээ ч мэдрэх гэж бүү хичээ. Зүгээр л хөгжим хэмээх шувууг зүрхнийхээ тэнгэрт чөлөөтэй дүүлэн нисэхийг л зөвшөөрцгөөе” хэмээн хэлсэн байдаг. Магадгүй энэ үдэш “Сэтгэлийн дуулал” тоглолтод саатсан үзэгчдийн зүрхний тэнгэрт хөгжим гэх шувуу эрх чөлөөтэй дүүлэн ниссэн байх.