Т.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Т.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдана

Олимпийн жил чөлөөт бөхийн зөвхөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болдог уламжлалын дагуу эмэгтэй чөлөө бөхийн 23 дахь удаагийн ДАШТ өчигдөр Канадын Страткона хотноо эхэллээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51, 59 болоод 67 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм.

Цагийн зөрүүний улмаас хэсгийн барилдаан Монголын цагаар 01.00 цагт эхэлсэн бөгөөд тун удахгүй медалийн төлөөх барилдаанууд эхлэх гэж байна.

Эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Монголын тамирчдаас Т.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. Тэмцээний 59 кг-ын жинд барилдаж буй тэрбээр эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1-0, 0-1, 3-1 харьцаатай ялж, хоёрдугаар тойргийн барилдаанд АНУ-ын тамирчин Лейф Эвелин Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар ялжээ. Удаахь барилдаанд Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед ялагдсанаар дагах барилдаанд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдахаар болоод байна.

Мөн энэ өдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Монголын бусад тамирчдын тухайд 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа Польшийн бөх Роксана Марта Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай дийлдсэн. Харин Польшийн тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ.

Тэмцээний 67 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа мөн л эхний тойргийн барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргыг орхижээ. ОХУ-ын бөх Ирина Богдановатай таарсан манай тамирчин 1-0, 2-1 харьцаатай ялагдал хүлээсэн байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж