Дугуй ширээний уулзалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Дугуй ширээний уулзалт зохион байгуулав

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа зарласны 20 жилийн ойн хүрээнд Вена дахь ЭСЯ Венийн Дипломатын академитай хамтран “Цөмийн эрин дэх цөмийн зэвсгээс ангид бүсүүдийн үүрэг, хамаарал” сэдэвт дугуй ширээний уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулжээ. Уулзалтыг нээж Австрийн ГХЯ-ны газрын захирал М.Пөстл, ОУАЭА-ын Ерөнхий захирлын төлөөлөгч, ЦТБХГБ-ын Гүйцэтгэх захирлын төлөөлөгч, НҮБ-ын зэвсэг хураах департаментын төлөөлөгч, Элчин сайд Ж.Энхсайхан нар үг хэлэв. Уг уулзалтаар цөмийн зэвсэггүй бүсүүдийн өнөөгийн байдал, эдүгээ хүчин төгөлдөр буй цөмийн зэвсгээс ангид 5 бүсийн төлөөлөгчид өөрсдийн туршлага, тулгарч буй сорилтуудын талуудын талаар ярьж, санал бодлоо хуваалцав. Мөн Монгол Улсын төлөөлөгч уг улсын цөмийн зэвсгээс ангид статусыг баталгаажуулах талаар авч ирсэн арга хэмжээний талаар мэдээлэв.

Хуралдаанаар мөн цаашид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломж, бололцооны талаар, түүний дотор Ойрхи Дорнодын цөмийн зэвсэггүй бүс байгуулах бололцоо, энэ асуудлаар 2012 онд Хельсинкид зохион байгуулагдах бага хурлын бэлтгэл, үр дүнгийн талаар ярилцлаа. Түүнчлэн уг асуудлаар судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл санаа бодлоо илэрхийлж, нээлттэй ярилцжээ гэж   ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж