Форумд Монголын талаас ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, америкийн талаас Дотоод хэргийн департаментын Газрын менежментийн албаны дарга Рик Дир, АНУ-ын Уул уурхайн холбооны Ерөнхийлөгч Хэл Күйн нар хоёр орны уул уурхайн бодлого, хөгжил, энэ салбарт хамтран ажиллах боломж, хөрөнгө оруулалтын талаар харилцан илтгэл тавьж, санал солилцов.
Энэхүү арга хэмжээнд уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй монголын “Эрдэнэс”, “Шивээ овоо”, “Монгол алт”, “Energy Resources” зэрэг 40 орчим компанийн 100 гаруй, мөн америкийн болон АНУ-д төвтэй “Peabody Energy”, “Rio Tinto”, “Caterpillar” зэрэг 70 гаруй компанийн 100 гаруй нийт 250 орчим бизнесийн төлөөлөгчид тус тус оролцжээ.
Төлөөлөгчид форумын үеэр олон улсын уул уурхайн “Minexpo 2012” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг арга хэмжээнд уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд үйлдвэрлэдэг 1800 гаруй компаниуд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсны зэрэгцээ уул уурхайн чиглэлээр зөвлөлгөө, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөн үзэсгэлэнгээ гаргасан байв. Энэхүү олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй орны 52 мянган төлөөлөгчид оролцсон юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээлэв.