АОХН-ийн удирдах зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

АОХН-ийн удирдах зөвлөл хуралдав

Энэ өдрүүдэд Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр манай улс өөрийн тэргүүлдэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн V хуралдааныг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргав.

Тухайлбал, АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын товыг зарлаж, түүний бүтэц, ерөнхий зохион байгуулалтын талаар ярилцав. Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 29-нд эх орондоо зохион байгуулна. Түүнчлэн Сайд нарын бага хурлын өмнөх өдрүүдэд АОХН-ийн Парламентын чуулга уулзалт, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Залуусын чуулга уулзалт, Иргэний нийгмийн чуулга уулзалт, Бизнесийн ардчиллын чуулга уулзалтыг тус тус зохионо. Сайд нарын бага хуралд 140 орчим орныг урьж оролцуулахаар төлөвлөж байна.

Хуралдааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсан өөр нэг анхаарал татсан асуудал нь Малид цэргийн эргэлт гарч, үндсэн хуульт ёс алдагдаж, ардчиллаас ухарсан явдлыг хэлэлцэв. Удирдах зөвлөлийн орнууд тус улсад ардчилсан дэг журмыг сэргээн тогтоохыг уриалж, хэрхэн туслах арга замын талаар ярилцав. Ийнхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Малийг  АОХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээс түдгэлзүүлээд байгаа бөгөөд энэ орон нэгэн үө энэ байгууллагыг даргалж байсан болно.

АОХН-ийн хуралдааны тусгай  чуулган дээр Гадаад харилцааны сайд Л.Болд, Чилийн Гадаад хэргийн сайд А.Морено, Италийн ГХЯ-ны дэд сайд Стафан дэ Мистура, Канадын Гадаад хэргийн сайдын Парламентын Нарийн бичгийн дарга Дипак Обрай, АНУ-ын Төрийн департаментын Туслах нарийн бичгийн дарга Жакабсон нар оролцож үг хэлэв. Төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнийг өөрчлөн шинэчлэх үйл явцыг амжилттай удирдан зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, энэ эрч, боломжийг улам ахиулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлж байв. Хуралдааныг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал удирдан явууллаа.

Удирдах зөвлөлийн VI уулзалт энэ оны 12 дугаар сарын 10-нд Вашингтон хотноо  болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж