Амьтны хүрээлэнгийн барыг алсан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн барыг алсан байжээ

Энэтхэгийн зүүн хойд муж Аруначал Прадешийн  харуул хамгаалалттай амьтны хүрээлэнд хулгайн анчид нэвтэрч хүрээлэнгийн барыг агнасан хэрэг гарчээ. Мужийн цагдаа дээрх хэргийг үйлдсэн хулгайн анчдыг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Өнгөрсөн даваа гаригийн шөнө гарсан энэ хэрэгт цагдаа нар мөрдлөг явуулж байгаа юм байна. Амьтны хүрээлэнгийн харуулыг ирэхэд хулгайн анчид зугатан зайлсан бөгөөд шархадсан барыг авч явж чадалгүй үлдээсэн байжээ.

Энэтхэгт барыг хулгайгаар агнаж,  эд  эрхтэнийг худалдаалах нь маш түгээмэл гэнэ. Бар болон бусад зэрлэг амьтдын эд эрхтэн зүүн Ази, ялангуяа Хятадад эрэлт ихтэй байдаг нь анагаах ухаан, хууль бус эм үйлдвэрлэлийн гол түүхий эд болдогтой холбоотой аж. 

Эдгээр шалтгаанаар Энэтхэгт сүүлийн хорин жилийн хугацаанд барын тоо ихэд цөөрсөн байна. 2011 онд явуулсан судалгаагаар Энэтхэгт 1,700 гаруй бар бий гэсэн тооцоо гарсан юм.

Харин одоогоос зуун жилийн өмнө Энэтхэгт 100,000 байсан тухай баримт байдаг аж. Аруначал Прадешийн амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлж буйгаар хулгайн анчид зургаан настай бамбарт нойрсуулах эм тарьж, алсан байжээ.

 Бамбарт одоо задлан шинжилгээ хийж байгаа юм байна. Хулгайн анчид амьтны хүрээлэнгийн харуулуудыг үдийн цайндаа явсан хойгуур энэ хэргийг үйлдсэн байжээ. 2006 онд тус амьтны хүрээлэнгийн гурван бар, нэг ирвэсийг үл мэдэх этгээдүүд хордуулснаас болж, нэг бар үхсэн хэрэг гарч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж