“Өдрийн сонин” хүүхэд, залуусыг зөв хүмүүжил, амьдралын зөв дадалтай болгохын тулд “Ном унших моод дэлгэрүүлье” гэсэн уриа гаргаад байгаа билээ. Энэ хүрээнд ном уншуулах аян өрнүүлж, залуусыг гэрэл гэгээтэй зүйл рүү хөтөлж буй сайн үйлстэнгүүдийг дэмжиж ажиллахаар болоод байгаа юм. Тиймээс нийтлэлийн бодлогодоо ч энэ талаар байнга тусгаж байна. Саяхан “Ном бариагүй гар лонх л барьдагсан даа” нийтлэл гаргасан бол өчигдөр “Асуух эрхийн танхим”-даа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ардын уран зохиолч Т.Галсан, хэлбичгийн шинжлэх ухааны доктор Д.Галбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа нарын эрхмүүд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийн цагийг багасгасан, уг хичээлийн ач холбогдол, ном уншихын ач тусын талаар санал бодлоо хуваалцлаа. Яамны мэргэжилтнүүд хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг цаашид сургалтын хөтөлбөрийн бодлогодоо тусгана хэмээсэн юм. Харин эрдэмтэн, зохиолчид монгол хэл, уран зохиолын хичээлийг салгаж заах, сурах бичгийн боловсруулалтад анхаарах хэрэгтэй гэсэн санал тавьж байлаа.
Ч.БОЛОР