
НЭМБХЗГ-ын дарга С.Төгсдэлгэр "Анхаарлын гадуур орхигдсон халуун орны өвчлөлтэй тэмцэх бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2012-2016)-ний төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ халуун орны халдварт өвчлөлүүдийн "холын садан" болох зоонозын халдварууд энэ удаа ч мөн л анхаарлын гадуур орхигдож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Монгол улс нь дэлхий дээр хүний бруцеллёз өвчний өвчлөл хамгийн өндөртэй хоёр улсын нэг болохыг тэмдэглээд, ДЭМБ-ыг боом, бруцеллёз, малаас хүнд дамжих сүрьеэгийн өвчлөл, лептоспироз гэх мэт зоонозын халдваруудтай тэмцэхэд анхаарал хандуулж, мэргэжил арга зүйн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Монгол улс нь уушгины бус сүрьеэгийн өвчлөлийн түвшингээрээ дэлхийд дээгүүр ордог нь оношлогооны чадавхитай холбоотойгоос гадна малаас хүнд дамжих сүрьеэгийн халдвар өндөр байгаатай холбоотой байж болох талаар онцлоод, дээр дурьдсан Анхаарлын гадуур орхигдсон халуун орны өвчлөлтэй тэмцэх бүсийн 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд зоонозын халдварт өвчинд илүү анхаарал хандуулахыг бүсийн хороо болон хандивлагчдаас хүслээ.
Дээрх санал, шүүмжлэлийн мөрөөр ДЭМБ-ын зүгээс хариу мэдэгдэл хийхдээ зоонозын халдварт өвчин, ялангуяа хүний бруцеллёз, бэтэг өвчнөөс сэргийлэх, хянах асуудалд ДЭМБ анхаарлаа нэмэгдүүлэх болно гэлээ.
Олон улсын эрүүл мэндийн журам (2005)- ын хэрэгжилтийн хувьд манай бүсийн 14 улс орон шалгуур үзүүлэлтүүдийг хангах хугацааг 2014 оны 6 дугаар сар хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан ба Монгол улс дээрх улсуудын тоонд орж байгаа юм. Шалгуур үзүүлэлтүүдийн хувьд Монгол улс хүнсний аюулгүй байдал, цөмийн болон химийн аюулгүй байдлыг хангах чиглэлүүдээр чадавхи хангалтгүй байгааг онцлоод ДЭМБ дээрх чиглэлүүдээр дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Тамхины хяналт, эрүүл аж төрөх орчин, халдварт бус өвчний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хувьд Монгол улс нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тодорхойлох судалгааг хоёр удаа хийж гүйцэтгэснийг тэмдэглээд, Монгол улсын Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар онцгой анхаарч ажиллаж байгаа талаар Бүсийн хороонд дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, олон нийтийн газар тамхи татахыг бүрмөсөн хориглох талаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол улсын Их хуралд өргөн барьснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа нь тамхины бизнес эрхлэгчдийн нөлөө байж болзошгүйг тэмдэглээд, Бүсийн хороог өндөр түвшний албаны хүмүүст чиглүүлсэн хариу ухуулга, сурталчилгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Эрүүл аж төрөх орчны хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлэлцүүлэгт Монгол улс оролцож, нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын талаас дээш хувь амьдарч байгааг тэмдэглээд, хотжилттой холбоотой эрүүл мэндийн асуудлууд хурцаар тавигдаж байгаа тул Хотын эрүүл мэнд санаачилгыг хэрэгжүүлэхэд ДЭМБ, бусад хандивлагчдын зүгээс дэмжлэг хүслээ.