Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх 7,5 тэрбум төгрөгийг баталсан билээ. Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын нэгнээс эхлэн 1600 төгрөг болгоно.
УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэж, хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болсныг санууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсхүл үнэхээр зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц байгааг тэрээр дурьдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон гэх явдал энэ долоо хоногийн эхээр гарсантай холбогдуулан үдийн хоолны асуудлыг ч анхааран ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд буйгаа дуулгалаа. Улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгоно хэмээн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг онцоллоо. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байдгаас 120 мянга нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. Эдгээр хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэвэл 1,8 их наяд төгрөг шаардагдах тооцоо байдаг аж. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэх, сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна. Нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хүүхдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмшэхүйн хөгжлийг нь дэмжих зорилго бүхий “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хууль эрх зүйн таатай орчин бий болно хэмээн үзэж буйгаа гишүүн илэрхийллээ.