Америкийн “Universal Studios”-ийн бүтээл “Fast and Furious” хэмээх кино анх 2001 онд дэлгэцнээ гарснаар үзэгчдийн таашаалд ихээхэн нийцэж, дэлхийн зах зээл дээрээс нийт 207 сая ам.долларын ашиг, орлого цуглуулсан билээ. Харин үүнээс хойш уг киноны хоёр, гуравдугаар анги дараалан үзэгчдэд хүрсээр өнгөрсөн оны тавдугаар сард “Fast Five” гэдэг тавдугаар анги нь дэлгэцнээ гарсан юм. Тэгвэл энэхүү цуврал киноны дараагийн анги “Fast and Furious 6” ирэх жил үзэгчдийн хүртээл болох гэнэ. Түүгээр ч зогсохгүй энэ кинонд Америкийн реппер Кристофер Брайан Бриджес буюу Ludacris дүр бүтээж байгаа сурагтай. Энэ тухай Ludacris өнгөрсөн долоо хоногт Жоржия мужийн Атланта хотод болсон “Music Midtown” наадмын үеэр ярьжээ. Мөн тэрбээр “Fast and Furious 6” киноны зураг авалт Лондон хотноо эхэлсэн бөгөөд энэ кинонд дүр бүтээж байгаадаа өөртөө ч итгэхгүй байна хэмээн ярьжээ. Гэхдээ Ludacris энэхүү киноны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Учир нь тэрбээр энэ тухай нууцална гэж амласан гэнэ.
Б.Анхтуяа