Нийслэлийн гэр хороололд явуулсан судалгаагаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гэр хороололд явуулсан судалгаагаа танилцууллаа

Хорин жилийн дотор хүн амынх нь тоо 70 хувиар өссөн, улсын хүн амынх нь тал хувь нь амьдардаг  хот Улаанбаатараас өөр үгүй л болов уу. Тиймээс ч энэ өвөрмөц хотын гэр хорооллын хөгжлийн асуудлаар  Дэлхийн банкнаас судалгаа явуулжээ. Улаанбаатарын гэр хорооллыг байршлын хувьд гурван бүс болгон судалгааг явуулсан байна. Бүс тус бүрт нийгмийн суурь үйлчилгээг авах өртөг болон боломж бололцоо  нь харилцан адилгүй байжээ. Суурь үйлчилгээнд усан хангамж, гэрэл цахилгаан, нийтийн тээвэр зэргийг хамруулан тооцжээ. Судалгаанд оролцсон алслагдсан гэр хорооллын иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол  хотын ойролцоо болон дундаж байрлалд амьдрагчид тэндээ амьдрах сонирхолтой байдаг нь харагдсан байна. Манай улс гэр хорооллоо бүрэн орон сууцжуулахын тулд 15-20 жил шаардлагатай гэж Дэлхийн банкныхан үзжээ. Энэ бол бага биш хугацаа. Тиймээс гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах талаар ажиллахаас аргагүй гэдгийг судалгааны багийн ахлагч Такуяа Камата онцлон тэмдэглэсэн. Энэхүү судалгаа нь нийслэл, дүүрэг, хороодын ажилтнуудад хамгийн сүүлийн үеийн гарын авлага болох тул судалгааны тайлангийн танилцуулгад хотын даргаас эхлээд дүүрэг, хороод, нийслэлийн харъяа газрын алба агентлагийн удирдлагууд оролцсон юм. Нийслэлийн зүгээс гэр хорооллыг орон сууцжуулах замаар хотын агаарын бохирдлыг бууруулна гэж үздэг. Энэ талаар Дэлхийн банкны судалгааны багийн ахлагчаас тодруулахад:
-Гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг бол зөв санаа. Гэвч хэд хэдэн хүндрэлтэй асуудал байна. Нэгдүгээрт гэр хороололд амьдарч буй иргэдэд орон сууц худалдан авах чадвар хомс байна. Нөгөөтэйгүүр гэр хорооллын газрын асуудлыг бүрэн дүүрэн шийдэж амжаагүй байна. Тиймээс эхний ээлжинд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд иргэдийн өөрсдийнх нь санал санаачлагыг дэмжих ажлыг өрнүүлэх нь чухал юм гэлээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж