Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Аймгийн эрүүл мэндийн салбарынхны ажил үйлчилгээнд иргэд ам сайтай байна. Ялангуяа орон нутаг гэхэд нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцээтэй байгааг онцолж байсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Манай байгууллага эмнэлгийн салбартаа нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээг хангахад ихээхэн анхаардаг. Энэ ч утгаараа бүсийн оношлогоо, эмчилгээний төвөө эх барих эмэгтэйчүүдийн эмч, мэдээгүйжүүлэгч, яаралтай тусламжийн эмч зэрэг шаардлагатай нарийн мэргэжлийн эмчээр ханган ажиллаж байна. Эмч мэргэжилтнүүдээ тогтвор суурьшилтай ажиллууллахын тулд тэдний нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байдаг. Тийм болохоор тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч нартаа тэтгэмж олгож байна. Орон сууцны квотод манай 22 эмч багтсан. Бүх сумын эрүүл мэндийн төвд эмчийн байр барьсан. Энэ ажлын дүнд бүх сумын эрүүл мэндийн төв хоёр ба түүнээс дээш эмчтэйгээр ажил, үйлчилгээгээ хүн арддаа хүргэж байна.
-Оношлогоо, эмчилгээ хийхэд тоног төхөөрөмж нэн чухал. Үүнд хир анхаарав?
-Мэдээж сүүлийн үеийн тоног төхөөрөмж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийж байгаа. Манайх эмнэлгийн тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Тухайлбал, манайд улсад цөөн байгаа 4D эхо аппаратыг ашиглаж байна, дурангийн хагалгааг ч хийдэг боллоо. Мөн оношлогоо эмчилгээтэй холбоотой өндөр хөгжилтэй гадаадын орнууд болох Итали, Францын эмч нартай хамтарч, хүүхдийн мэс заслын чиглэлээр хамтарч байна. Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр алсын зайн оношлогооны аппараттай болж, эх нярайн болон зүрх судасны чиглэлээр алсын зайн оношлогоогоор нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зөвлөгөө авч ажиллах болсон бидний үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдийн сэтгэлд ч нийцэх болсон.
-Эх нярайн эндэгдэл танай аймагт өсөлттэй байдаг юм билээ. Үүнд юу нөлөөлөөд байна вэ. Бууруулах боломж бий юу?
-Манай аймгийн хувьд анхаарал татаж байгаа асуудал эх хүүхдийн эндэгдэл. Хүүхдийн эндэгдэл дотроо нярайн эндэгдэл 2008 оноос хойш буурсан. Гэхдээ улсын дунджаас өндөр байна. Үүнд манайхан онцгой анхаарч 2009 онд аймгийн эмжээнд зөвлөгөөн хийсэн. Учир нь энэасуудалд эрүүл мэндийн салбарынхан дангаараа шийдэх биш, төрийн байгууллага, иргэдийн оролцоо чухал гэсэн сана лаар нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Үүний дүнд хүүхдийн эндэгдэл буурсан. Гэвч хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч гэсэн нярайн эндэгдэл өндөр байгаад байна. Нярайн эндэгдэл дотроо 0-6 хоногтой хүүхдийн эндэгдэл. Энэ нь шууд эхийн эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс төрөх насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх ажил чухал. Манайх мэргэжилтнүүдээ хүүхдийн эндэгдэл бага гурван аймгаас туршлага судлуулсан. Өөрөөр хэлбэл, Дорноговь, Сэлэнгэ, Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа зарим төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр аймгууд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Гал голомт” төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Энэ талаар “Дэлхийн зөн”-д санал тавьсаар энэ жилээс манай аймагт хэрэгжиж эхэлсэн. Үүнд эх хүүхдийн хоол тэжээлийг шийдэх асуудал ихээхэн үр дүнгээ өгч байна. Ээжүүдийг бүл болгоод хүүхдийн хоол тэжээлийн аргазүйд сургах нь үр дүнтэй юм билээ. Харин мэргэжилтнүүдийн зүгээс нярайн эмч нар дутагдалтай байсан хөдөө орон нутгийг нарийн мэргэжлийн эмчээр хангасан.
-Жирэмсэн эхчүүдийн төрөхийн өмнөх тасаг байдаг байсан. Сүүлийн үед энэ тасаг байхгүй болсон гэж эхчүүд шүүмжлэх болсон. Өвөрхангай аймгийн сумдад төрөхийн өмнөх тасаг хэр байна вэ?
-Манай аймгийн бүх сум төрөхийн өмнөх байртай. Жирэмсэн эхчүүд тэндээ амарч байгаад төрдөг. Гэхдээ эрсдэлтэй төрөх ээжүүдийг бүсийн оношлогоо эмчилгээний төвд төрүүлж байгаа ч орны хүрэлцээ хомс байдаг. Эрсдэлтэй ээжүүдийг авч ирж байгаа тохиолдолд орны тоог нэмэх зайлшгүй хэрэгтэй байна.
-Эмнэлгийн хүрэлцээний асуудал аль ч нутагт хөндөгдөх болжээ. Бас эмч, мэргэжилтнүүдийн зан харилцааг шүүмжлэх хүн ч байдаг?
-Дээр хэлсэнчлэн төрөх тасгийн орны хүрэлцээ муу байгаагаас гадна бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээлт, дараалал их үүсдэг нь иргэдийг бухимдуулж байна. Жилээс жилд хүн ам өсч байгаа. Шилжилт хөдөлгөөн их байна. Тэгэхээр хувийн хэвшлийн эмнэлгийг хөгжүүлмээр санагддаг юм. Тэгвэл улсын эмнэлгийн ачаалал багасна. Манай аймаг 30 орчим мянган хүн амтай, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байна. Тэд хүүхдүүдээ сургуульд сургана гээд аймгийн төвд нэг гэрээрээ, хөдөө малтайгаа нэг хэсэг нь байна. Тэд бүртгэлгүй хүн амд орчихдог болохоор аймгийн төвд байгаа өрхийн эмнэлгүүдэд ачаалал нэмж байгаа юм. Үүнийг бид бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Мөн ажилчдынхаа өвчтөнүүдтэй хандах харилцааг сайжруулах тал дээр анхаарах ёстой. Учир нь иргэдээс ирсэн санал гомдлын ихэнх нь мэргэжлийн алдаа гаргачихлаа гэхээс илүү тэдний зан харьцааг шүүмжилсэн байдаг. Арга ч үгүй юм. Эмнэлэгт хандаж байгаа хүн өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүнд байдаг. Тийм хүнтэй эмч зөв харьцах нь чухал. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор манайх өнгөрсөн тавдугаар сард ажилчдадаа Lady төвийн сургалтыг зохион байгууллаа.
-Эмч нарын ур чадварыг сайжруулах талд ихээхэн анхаардаг юм байна. Гадаадад сургалтад явуулах боломж хир байна?
-Бид сумын Засаг дарга нартай хамтарч ажилладаг. Тиймээс залуу эмч нартай сумаас нь дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд ажилчдыгаа урт богино хугацааны сургалтад хамруулж байгаа. Жилдээ ажилчдын 30 орчим хувь нь ямар нэг сургалтад хамрагдаж байгаа гэж хэлж болно. Энэ хугацаанд 40 гаруй эмчид мэргэжил олгох чиглэлээр сургасан бол мэргэжил дээшлүүлэх чиглэлээр 50 гаруй эмчийг сургалаа. Хамгийн сүүлийн ээлжийн эмч нар гадаадад гурван сарын сургалтад хамрагдсан. Салбар доторх хамтын нэгдмэл байдлыг хангахад бид анхаарч уулзалт семинар, сургалт зохион байгуулдаг. Саяхан спортын бага наадмыг зохион байгууллаа. Бэсрэг наадам зохиолоо. Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан бас зохион байгуулдаг. Энэ жил багийн бага эмч нар, эх баригч нарын дунд уралдаан зохион байгуулсан. Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулахаар онолын болон дадлагын талаар маш ихийг уншиж байгаа. Нэгдүгээрт тэднийг чадваржуулах, нэгдмэл ажиллагааг бий болгоход үр дүнгээ өгч байна. Ингэснээр манайх 2009 онд “Ёсзүйг дээдлэгч хамт олон”-оор шалгарчбайсан.
-Танай аймгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж хангалттай байна гэлээ. Орон нутгийн хувьд түргэний машин хүндрэлтэй байдаг шүү дээ?
-Манай салбарт хөрөнгө оруулалтын ажил нэлээд хийгдсэн. Тийм болохоор бүх эмнэлгээ түргэний машинаар хангалаа. Өрхийн эмнэлгийн төвүүд ч машинтай болж, 41 багийн эмчийг унаагаар хангалаа. Хөрөнгө оруулалтын хувьд “Эрүүл мэндийн салбарын хөгжил-II” төсөл амжилттай хэрэгжсэн. Зарим сумын хэмжээнд цэвэр бохирын асуудлыг шийдэж барилга байгууламжид оруулж өглөө. Тоног төхөөрөмжийн хувьд дутаад байх зүйлгүй болсон. Хоёроос бусад бүх сумын эмнэлэг эхо аппараттай болчихлоо. Нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай дулаацуулах ширээ гэх мэт тоног төхөөрөмжөөр хангаад өгчихсөн.
-Цаашид хийх ажил юу байна. Шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэрхэн дүгнэж айна вэ?
-Эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрхийг бий олгох нь хамгийн зөв алхам юм. Яагаад гэвэл эрүүл мэндийг дэмжигч айл өрх олон байх юм бол хүн өвчлөх нь бага шүү дээ. Тиймээс аймгийн хэжмээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай аймагт хоол боловсруулах замын өвчин тэргүүн эгнээнд байдаг. Харин нас баралтыг зүрх судасны өвчин тэргүүлж байна. Үүнд хүмүүсийн амьдралын хэв маяг, зан үйл ихээхэн нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, халдварт бус өвчний чиглэлээр зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, архи тамхи мэтийн хорт зуршлыг хэрэглэхгүй байх талаар иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй юм. Тиймдээ ч манайх архи, тамхигүй хамт олон болох байгууллагыг аймгийн хэмжээнд шалгаруулах болсон. Өнгөрсөн жил гурван эрүүл мэндийн төв тамхигүй хамт олон болж шалгарсан. Хархорин сум баяр ёслолыг архигүйгээр тэмдэглээд хэвшчихсэн.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин