Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Канадын Страткон Канти хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд дэлхийн 29 орны баг тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас ОУХМ Д.Отгонцэцэг /51 кг/, ОУХМ Т.Мөнхтуяа /59 кг/, ОУХМ Ц.Баярзаяа /67 кг/ нар барилдах юм.

51 кг-ын жинд 14 бөх өрсөлдөнө

ДАШТ-ий 51 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт Польшийн бөх Роксана Марта Засинатай таарчээ. Эхний өрсөлдөгчөө ялбал Азербайжаны бөх Анжела Дороган, АНУ-ын Алиса Лампе хоёрын аль ялсантай нь барилдана. Энэ хэсэгт Турк, Хятад, Казахстан, Беларусийн бөхчүүд багтжээ. Харин нөгөө хэсэгт дэлхийн аварга, Оросын бөх З.Рахманова, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Украиний бөх Юлия Благиня, ДАШТ-ий хүрэл медальт, Канадын бөх Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад/ нарын тамирчид багтсан байна.

Т.Мөнхтуяагийн эхний өрсөлдөгч нь Канадын тамирчин

59 кг-ын жинд ОУХМ Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт Канадын бөх Мишель Фаззаритэй таарчээ. Түүнийг ялбал АНУ-ын бөх Лей Жейнстэй барилдана. Энэ хэсэгт энэтхэг, беларусийн бөхчүүд байна. Нөгөө хэсэгт нь Хятадын бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга Чжан Лан, Украиний бөх, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ирина Харив нар багтжээ. Тус жинд нийт 13 бөх өрсөлдөх юм байна.

Ц.Баярзаяа эхний тойрогт ОХУ-ын бөхтэй барилдана

67 кг-ын жинд зодоглох ОУХМ Ц.Баярзаяа /“Мега-Старс” клуб/-гийн тухайд нэгдүгээр тойрогт Оросын бөх Ирина Богдановатай таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд Латвийн бөх Лаура Скужина, Украины бөх, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн залуучуудын хошой аварга Алина Стадник хоёрын аль ялсантай нь барилдана. Энэ хэсэгт Азербайжаны бөх, Европын аварга Надя Сёменцова, швед, хятад, канадын бөхчүүд мөн байна. Нөгөө хэсэгт Японы бөх, Азийн аварга Каеко Шимада, Болгарын бөх, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Манолова нарын тамирчид багтжээ. Энэ жинд 16 бөх барилдана.

Хэсгийн барилдаан Монголын цагаар өнөө шөнө 01.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж