ОТ-н эрчим хүчний асуудал шийдэгдээгүй хэвээр

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

ОТ-н эрчим хүчний асуудал шийдэгдээгүй хэвээр

“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажил 97 хувьд хүрснийг “Рио Тинто”-гийн төлөөлөл мэдэгдлээ. Гэвч төслийн эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байгааг онцолжээ. “Оюутолгой” төсөлд эрчим хүчний асуудал хүндрэл учруулж болзошгүй хэмээн гадаадын хэвлэлүүд таамаглал дэвшүүлээд байсан юм. Энэ таамгийг “Рио Тинто” үгүйсгэсэнгүй, харин ч баталгаажууллаа. Төслийн зэс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эцсийн шатандаа орж, үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод байгаа ч үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулахад ихээхэн хэмжээний эрчим хүчний нийлүүлэлт хэрэгтэй ажээ.

Гэхдээ “Рио Тинто” компанийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн хувьд эхний дөрвөн жилд эрчим хүчээ Хятадаас нийлүүлэхээр гэрээнд тусгагдсан юм. Гэвч Хятадын тал эрчим хүч нийлүүлэхгүйд хүрвэл төслийн ашиглалтад орох хугацаа хойшлох нь тодорхой. Учир нь Оюутолгой болон Тавантолгой төсөлд шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх цахилгаан станц байгуулахад доод тал нь хоёроос гурван жилийн хугацаа шаардагдана. Хятадаас эрчим хүч нийлүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж буй боловч худалдааны тохиролцоонд хүрч чадаагүй байгаа.

Хятад улс дотоодын шатахуун болон эрчим хүчний хэрэглээгээ дөнгөн данган хангаж буй нь үүнд саад болж байж мэдэх юм. Түүнчлэн Оюутолгойн Хятадаас авах эрчим хүчний үнэ манай дотоодод мөрдөгдөж буй үнэ тарифаас нэлээд өндөр байх магадлалтай байна. “Оюутолгой” төслийн үйл ажиллагаанд 150 МВт-аас доошгүй эрчим хүч шаардагдах тул ийм их хэмжээний эрчим хүчийг дизель генератораар хангах нь өртөг зардал болон бусад талаасаа ашиггүй юм.

Олон улсын шинжээчид Оюутолгойн эрчим хүчний асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт найдаж буй ч Хятадаас эрчим хүч авах нь тун бүрхэг байна. Учир нь тус улсаас эрчим хүч авахаар анх гэрээ байгуулахдаа тусгаж байсан ч төсөл эхлэх гэж буй энэ цаг үед тоймтой  мэдээ сонстохгүй байгаа нь энэ ажил гацсан мэт сэтгэгдлийг төрүүлж байна.

“Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үе буюу 2017 онд өдөртөө 170 мянган тонн хүдэр боловсруулна. Энэ том үйлдвэр эрчим хүчний нийлүүлэлтээ хүлээж байна.

Тойм тооцоогоор “Оюутолгой” төсөл ашиглалтад орсноор үйлдвэрлэх бүтээгдэхүүний экспортын орлого нь өдөрт 8.4 сая ам.доллараар хэмжигдэх ажээ.

Б.Төгсбилэгт

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж