Цахим цагдаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Цахим цагдаа байна уу?

Олон нийтийн сүлжээ, цахим орон зайг ашиглан хууль бус үйлдэл хийгчид олширсон. Гэвч Монголд гэмт хэрэг үйлдэгддэг орчныг харах, хянах өнцөг нь гудамж талбайгаас цааш хэтрэхгүй нь бололтой. Гэтэл интернэтийн орчинд захиалгат хэрэг, залилан, оюуны хулгай, биеэ үнэлэлт гаарчээ. Мэдээж энэ төрлийн гэмт хэргийг хариуцсан алба нэгж байдаг л байх. Гэвч сая гаруй хүнтэй хотод аравхан цагдаа өгчихөөд “бидний цагдаагийн байгууллага сайн ажиллаж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэж байна” гээд байж болохгүй байх. Хүн хүч нь хүрдэггүй юу, мөнгө санхүү нь болдоггүй юм уу, мэдлэг чадвар нь дутагдаад байдаг юм уу, мэдэхгүй нь. Харин юуг мэдэж байна вэ гэвэл, “цахим цагдаа үгүйлэгдэж байна” гэдэг байна.

ЦАХИМ БИЕЭ ҮНЭЛЭГЧ

“Биеээ үнэлэгчидтэй тэмцэх ажиллагаа явуулж байна” гээд өнөөх л Улаанбаатарын үүдээр эргэлддэг,  “аргүй” хэдэн буудлыг бужигнуулдаг. Үнэндээ цайрчихсан хэдэн биеээ үнэлэгчдийн нэг шөнийн л орлого алга болно. Гэтэл уруу татагдаж, хөл алдаж орж буй ихэнх биеэ үнэлэгчдийн өөрсдийгөө борлуулдаг газар нь интернэт зарын орон зай. Телевизийн чатуудаар ил цагаан өөрийгөө үнэлэх зар явж байгаад нь хууль хяналтын байгууллага арга хэмжээ авсны эцэст тэр орон зай нь үгүй болсон. Харин шахагдсан тэд буйраа сэлгэсэн нь зар сурталчилгааны болоод сэтгэгдэл бичих хэсэг нь нүүр хуудсандаа байрладаг сайтууд болжэээ Энд хэн хүссэн нь ямар ч хяналтгүйгээр зар оруулах боломжтой бөгөөд биеэ үнэлэгчдийн болоод худалдан авагчдийн өөрийн гэсэн хэллэг, утга агуулгыг бий болгосон аж. Тухайлбал, “Хөөрхөн аниа нараас S авна” “Дажгүй бүсгүйд хажуу өрөө хөлсөлнө” “Эрэгтэй массажист цагийн ажил хайж байна” “Яг одоо 18-30 насны бүсгүйд туслалцаа үзүүлнэ” “Санхүү авий, яг одоо” гэх зэргээр үргэлжлэнэ. Санхүүгийн тусламж авна гэдгээ S хэмээн товчлох бөгөөд энэ нь зарим сайтуудын хууль бус үг хэллэгийн автомат хязгаарлалтаас зугтаж буй арга нь аж. Ийн оруулсан зарыг нь арван жилийн хүүхдүүдээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл интернэтэд холбогдсон газраас сонирхох боломжтой. Ийм том зах зээлд өөрсдийгөө сурталчлах боломж бий болсон тул Улаанбаатарын үүдэнд зогсдог янхнуудын зуучлагчид ч интернэт кафегаас ажлаа явуулдаг болсон гэнэ. Гол нь нууцлагдмал, хууль бус энэхүү үйлдэл нь хяналтгүй, хууль бус үйлдлийг араасаа дагуулсаар байгаад асуудал байна. Өсвөр насныханд хязгаарлалтгүйгээр хүрч буй мессежний сөрөг нөлөөнөөс эхлээд бэлгийн замын халдварт өвчин гээд олон сүүдэр эдгээрийн ард нуугдсаар. Ийм үйлдэл хийж яваад баригдсан нэгэн охин “мөнгө ч авч чадалгүй бусдад хүчиндүүлэх тохиолдол олон. Гэхдээ “өөрөө хууль бус зүйл хийж байгаа юм чинь хуулийнханд хандаж болдоггүй” хэмээн мэдүүлсэн байдгаас нь харсан ч амь нас, эрүүл мэндээ хэдхэн төгрөгнөөс болж алдаж болзошгүйг харуулж буй юм. Энэ нь зөвхөн Монголд ч буй асуудал биш. АНУ-ын Техас мужийн цагдаагийн газраас л гэхэд өчигдөрхөн мэдэгдэл гаргаж, “гэмт бүлэглэлийнхэн охидын фэйсбүүкийг ашиглан биеэ үнэлэх явдалд уруу татах хэрэг олширч байгаа талаар мэдээлж.

ОЮУНЫ ХУЛГАЙЧ

Цахим мэдээллийн сайтууд гарч ирэхтэй зэрэгцэн нэгэн хууль бус үйлдэл цэцэглэсэн нь оюуны хулгай байв. Гуч дөчин сэтгүүлч цалинжуулаад ажиллаж буй сайтуудын хажууд ганц хоёр хүнтэй сайтууд ч адилхан оршсоор байна. Гол нь түүнд ажиллагсад нь сэтгүүлч биш “copy paste” команд хийх л үүрэгтэй амьд робот. Ямар ч хөдөлмөр, зардал гаргахгүйгээр бусдын олсон мэдээ мэдээлэл, бодол оюунаа ашиглан бичсэн нийтлэлийг ганцхан хормын дотор хулгайлж өөрийн сайтан дээр байршуулчихна. Гэвч үүнийг хуулиар “хулгай” гээд заачихсан. Түүнчлэн программ, ном, кино, дуу уран бүтээлүүд энэ мэт хулгайн замаар л орж алга болно. “Оюуны өмчийн газар” нь ч тоохгүй,  хяналтын байгууллагууд нь ч тоохгүй. Ингээд л шүүхдэж, цаг заваа үрэн байж асуудлыг шийдвэл шийднэ. Үнэндээ нэгэнт хуулиар хориглочихсон байтал заавал хохирогч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж хөөцөлдөхөөс өөр арга байхгүй нь харамсалтай.

ЗАХИАЛГАТ ХЭРЭГ

“Чатын эмээ” гэж бараг хүн бүр мэдэх байх. Энэ нь телевизийн зараар “хүүхдээ хашраах” захиалга өгөөд хэрэг бишигдсэн жишээ. Зарчим бол өнөөдрийн интернэт зарын хэсэгтэй яг адил. Дуртай нэг нь хүссэн мессежээ бичиж, дурын нэг нь үүнийг нь олж авах боломжтой. Одоогоор дээрхээс өөр олон нийтийн анхаарлыг татсан хэрэг гараагүй байгаа болохоос биш ийм зүйл гарах сайн хөрс аль хэдийн бий болсон. Ийм асуудлыг ойшоохгүй байгаад хяналтаас гаргасан улсууд олон. Тэдгээр улсад цахим гэмт хэргийн нэр төрөл ч олон бөгөөд программ хангамжийн хулгай,  техно-вандализм, өвчтөний эмийн жорыг компьютерт өөрчлөн хүний амь бүрэлгэх, хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах, мөнгийг компьютер ашиглан хулгайлах, амиа золиослогчдыг онлайнаар бэлдэх, хувийн мэдээллийг интернетээс хулгайлах, цахим төлбөрийн системийг эвдэх явдлууд олширч байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын иж бүрэн конвенци боловсруулахыг ОХУ санал болгож, АНУ-ын Конгресс Цахим ертөнц дэх оюуны өмчийн хулгайн эсрэг хуулийн төслийг хэлэлцээд л. Энэ бол дэлхийн улсууд ч цахим орон зайн гэмт хэргийг хазаарлахгүй бол хяналтаас гараад буй гэдгийг хэдийн хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг. Харин манайд цахим орон зайд ирээдүйд ямар аюултай гэмт хэрэг үйлдэгдэж болохыг тоож анхаарахгүй л байх шиг.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж