Сайд Л.Болд бүлгийн уулзалтыг удирдлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд бүлгийн уулзалтыг удирдлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Нью Йорк хотноо 9 дүгээр сарын 25-наас 26-ны өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан, НҮБ-ын Ардчилсан орнуудын бүлгийн уулзалт, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын сайд нарын 11 дүгээр хуралдаанд тус тус оролцов.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид төлөвлөсөн үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн уг хуралдаанаар манай төлөөлөгчид Монгол Улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлуулахаар төлөвлөж буй Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг танилцуулав.

“Хуулийн засаглал ба Ардчилал” сэдвээр болсон НҮБ-ын Ардчилсан орнуудын бүлгийн уулзалтыг Гадаад харилцааны сайд Л.Болд удирдан явуулав. Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн ЕНБД-ын орлогч Иван Симоновик, НҮБ-ын Ардчиллын төлөөх сангийн Гүйцэтгэх захирал Р.Рич, “Ардчилал болон сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн” засгийн газар хоорондын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Хелгесен нар болон Литви, Финланд, Румын, Унгар, Тайланд зэрэг 15 улсын Гадаад харилцааны сайд нар оролцож үг хэлэв. Манай улс АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг хөгжүүлэх, иргэний нийгэмтэй идэвхитэй хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, авилгыг үл тэвчих орчин бий болгох чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байгааг сайшаав.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын сайд нарын хуралд Л.Болд сайд хэлсэн үгэндээ ДГХБО-ууд өөрсдийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хамтын хүчин чармайлт гаргахын чухлыг тэмдэглээд манай улсын санаачилсан ДГХБО-ын олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг соёрхон баталсан хоёр дахь улс болох БНАЛАУ-д баяр хүргэж бусад улс орнуудыг уг хэлэлцээрт нэгдэн орохыг уриалав. ДГХБО-уудын Анд нөхдийн бүлгийг байгуулах санаачлагыг Монгол Улс дэвшүүлж буй талаар Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдаанд оролцогчдод мөн танилцуулав.

Түүнчлэн дурдсан өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Гадаад хэргийн сайд Б.Карр, Лихтенштейний Гадаад харилцааны сайд А.Фрик, Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Х.Бонилла, Шведийн Гадаад хэргийн сайд К.Билдт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Ачаяа, АНУ-ын Мянганы сорилтын сангийн Компакт гэрээний хэрэгжилт эрхэлсэн дэд ерөнхийлөгч П.Файн нартай хоёр талын уулзалтууд хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж