-УДБЭТ 50 дахь улирлын нээлтээ хийх цаг ойртлоо. Сонгодог урлагт шимтэгчид нээлтийн уран бүтээлийг чих тавин хүлээж суугаа байх. Өвөл цагийн нээлтдээ зориулж, театрын хамт олон ямар уран бүтээл бэлтгээд байна вэ?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Ямарваа нэгэн театрын хувьд өвөл цагийн нээлт буюу уран бүтээлийн шинэ улирал гэдэг хамгийн том баяр байдаг. Үзэгч, уран бүтээлчдийн хамгийн том баяр. Тайзны урлагийн хүчирхэг төрөл болсон дуурь, балетын нээлтийн тоглолтоор тухайн жилдээ онцгой байж чадсан уран бүтээлээ үзэгчдэд хүргэдэг.
Энэ жилийн манай хоёр онцлох уран бүтээл бол А.Хачатуряны алдарт, хүчирхэг “Спартак” балет, П.И.Чайковскийн уянгалаг, мөнхийн залуу, дурлалын сэдэвт “Евгений Онегин” дуурь шалгарч, бид уран бүтээлийн 50 дахь улирлын нээлтээ дээрх хоёр бүтээлээр хийхээр болсон.
-“Евгений Онегин” дуурийг сонгосон нь их учиртай гэж сонссон?
-“Евгений Онегин” дуурийн хувьд манай театр 50 жилйин өмнө анх бие даан үйл ажиллагаа явуулахдаа анхны хөшгөө энэ дууриар нээж байсан. Энэ утгаараа “Евгений Онегин” дуурь бидний хувьд маш үнэтэй чухал, 50 жилийн ойтой нас чацуу бидний анхны уран бүтээл учраас тус дуурийг онцлон тавьсан байгаа.
-Нээлтийн дуурийг гоцлох хүндтэй үүрэг хэнд ноогдов?
-“Евгений Онегин” дуурийн Онегины дүрд анх удаа 2012 оны онцлох “дэлхийн дуучин” болж чадсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулна. Түүний хайрт бүсгүй Татьяанагийн дүрд авьяаслаг уран бүтээлч Ө.Уянга маань бас анх удаа тоглоно гэдгээрээ онцлог болж байгаа.
-Тэгвэл “Спартак” балетад хэн, хэн гоцлох вэ?
-Энэ жил буюу 2012 онд “Спартак” дуурь маань 20 жил тоглогдоогүй байж байгаад тайз хувцас нь бүрэн хэмжээгээр шинэчлэгдэж, эргэн тайзнаа ирсэн уран бүтээл. Ер нь XXI зууны уран бүтээлчид анх удаа бүжиглэсэн гэдгэээрээ энэ балетыг бид онцлон нээлтээ хийх гэж байна. Гол дүрд О.Ганцоож, Т.Батчимэг, Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, А.Өлзий-Орших гэсэн манай балетын гоцлооч нар бүжиглэнэ.
-Дуурийн театр энэ сард үзэгчдэдээ ямар уран бүтээлээр бэлэг барихээр зэхээд байна вэ?
-Аравдугаар сар бол 50 дахь улирлын нээлтээ хийх байгаа гээд онцлох үйл явдлаар дүүрэн байгаа. Дуурь, бүжгийн эрдмийн театрын нээлтийн дараа бидний анд нөхөд бослон ХБНГУ-ыг Дортмундын В.А.Моцартын нэрэмжит камерны оркесторын удирдаач хэсэг хөгжимчдийн хамт ирнэ. Өмнө нь В.А.Моцартын тухай түүний уран бүтээлийг хөхиүлэн дэмжсэн 255 жилийн ойд зориулан бид хамтарч гурван ч удаа тоглолт хийсэн байгаа. Энэ удаад бид Германы хөгжмийн зохиолчдын зарим нэг уран бүтээлийг Монголд анх удаа эгшиглүүлэх тоглолт тавихаар зэхээд байна. Мөн маш олон жил тоглогдоогүй Ж.Вердийн хүчирхэг “Реквием” дуурийг сэргээн засварлан тавьж байгаа. Тэгэхээр аравдугаар сард сонирхолтой, өмнө нь тайзнаа тоглогдож байгаагүй тоглолтууд эгшиглэх болно.
-“Реквием” дуурийн бэлтгэлийн талаар сонирхуулахгүй юу?
-“Реквием” бол Ж.Вердийн хамгийн хүчирхэг зохиолуудын нэг. Яалт ч үгүй “Аида”, “Травиатта” дуурьтай эн зэрэгцэх том уран бүтээл. Театрууд тэр бүр энэ дуурийг тавьдаггүй. Учир нь нүсэр, хүчтэй хоор орох хэрэгтэй. Зарим нэгэн хүмүүс 200-300 хоортой, гадаа, байгалийн үзэсгэлэнт орчинд тоглодог гээд олон хувилбар байдаг. Манай театрын хувьд 100 гаруй хоорын бүрэлдэхүүн бүрдүүлж байгаа. Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын хоор, манай театрын хоортой хамтарч ажиллана. Бэлтгэл маш сайн явагдаж байгаа. “Реквием” өөрөө хөгжмийн том бүтээл. Үүнд, зөвхөн хоор дээр тулгуурлах биш, найрал хөгжимчид, солистууд буюу басс, тенор, мецо сопрано, сопрано гэсэн дөрвөн хоолой гол дүрд зонхилдог. Бидний хувьд хоёр заставаар дуурьтаа бэлтгэж байна. Бас нэг онцлог нь энэ бүтээл маань АНУ-ын удирдаачтай ирэх арваннэгдүгээр сард эгшиглэнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн санаачилгаар театрынхаа 50 жилийн ойд зориулж буй том бэлэг учраас аравдугаар сард түүний тоглолтод энэ дуурь маань мөн эгшиглэнэ.
Сонирхуулахад, 1963 оны тавдугаар сарын 15-нд ДБЭТ “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан түүхтэй. Тиймээс ДБЭТ-ын хамт олон 50 дахь жилийн уран бүтээлийн нээлтийн үйл ажиллагаагаа тус дууриар хийх гэж байна. Дуурийн тайзнаа 67 дахь удаагаа эгшиглэх гэж буй тус дуурийн гол дүрд буюу Онегинд Гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин дуулахаар болжээ. Харин түүний хайрт бүсгүй Татьянад Соёлын тэргүүний ажилтан, сопрано Ө.Уянга, Ольгод меццо сопрано Ц.Ариунаа, Ларинад меццо сопрано М.Дариймаа, асрагч эхэд Соёлын тэргүүний ажилтан меццо сопрано Р.Доржхорлоо, Ленскийд тенор Г.Шижирболд, Греминд басс О.Хүрэлбаатар, Трикед борса тенор Б.Гомбо-очир, сумангийн даргат баритон Э.Бумхүү, Гельод басс О.Батбаатар, Испани элчинд тенор Б.Мөнхтөр нар тоглоно. Алдарт “Евгений Онегин” дуурийг найруулагч Л.Эрдэнэбулганы найруулгаар, удирдаач Ж.Бүрэнбэх дохих юм байна.
Хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн 1877 онд гурван бүлэг долоон үзэгдэлт тус дуурийг бичиж байх үед нь хөгжмийн дээд сургуулийн нэгэн оюутан түүнд хайр сэтгэлтэй болсноо илэрхийлж, олон удаа захидал ирүүлсэн байжээ. Тэр эмэгтэйн сэтгэлийг туурвиж байсан дуурийнхаа Татьянатай зүйрлэн өрөвдөж хайрлахдаа өрх гэрийнхээ эзэгтэй болгожээ. Гэтэл тун удалгүй авааль гэргийнх нь ааш танигдаж, хийсвэр хөнгөн болохыг нь мэдсэн тул П.И.Чайковский сэтгэл санаагаар гутран, уран бүтээл нь ахихаа байжээ. Гэвч тэрбээр эрс шийдвэр гарган бэртэгчин амьдралтай зууралдан суухаа ор тас мартан Петербург болон гадаадын орнуудаар аялсан гэдэг. Энэ хугацаанд тэрбээр дөрөвдүгээр симфонио бүрмөсөн дуусгаж, “Евгений Онегин”, “Орлеаны хүүхэн” дууриудаа бичиж, “Их жүжигчний дурсгалд” гурвал болон хийлийн найрал концерт, “Италийн Капричио” зэрэг алдарт бүтээлүүдээ туурвижээ. Түүнийг “Евгений Онегин” дууриар А.С.Пушкиний романы баатруудын дүрийг хөгжмийн хэлээр улам тодорхой, ойлгомжтой болгон дахин амьдруулж, дуурийн урлагийг шинэ хэлбэрээр баяжуулсан хэмээн урлаг судлаачид дүгнэдэг юм.
УДБЭТ-ын нээлтийн тоглолтуудын бэлтгэлийн зургийг ЭНД дарж үзнэ үү