Олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Судан, Өмнөд Судан хилийн хамгаалалт болон газрын тосны үйлдвэрлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Хоёр талын албаны хүмүүсийн мэдээлснээр газрын тосны арвин нөөцтэй Өмнөд Суданаас олборлосон түүхий нефтийг Судан руу экспортлох тухай асуудал зөвшилцлийн нэг хэсэг байжээ. Гэвч эзэмшлийн маргаантай мужуудын асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. Хоёр Суданы удирдагчид Этиопийн нийслэл Аддис Абабад дөрвөн өдөр хэлэлцсэний эцэст ийнхүү зөвшилцөлд хүрчээ. Судан болон Өмнөд Судан нь 1956 онд тусгаар тогтнолоо олж авах хүртлээ Египет, Англи-Египетийн захиргаанд байв. Суданд дэгдсэн I иргэний дайны дараа 1972 онд Өмнөд Судан автономит муж болсон ч 1983 онд иргэний дайн дахин дэгдсэн юм. Хориод жил үргэлжилсэн иргэний дайн 2005 онд энхийн гэрээгээр дууссан боловч өнгөрсөн 2011 онд л Өмнөд Судан тусгаар тогтносон улс болсон билээ. Гэвч Судан болон Өмнөд Суданы хоорондох газрын тосны үйлдвэрлэл болон, газрын маргаан намжихгүй, болж бослого хөдөлгөөн гарсаар байгаа тул НҮБ-аас хоёр улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг анхааруулсан билээ. Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир болон Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр өнөөдөр зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр удирдагч мөн Өмнөд Суданы газрын тосны цооногийг дахин ажиллуулахаар зөвшилцжээ. Өнгөрсөн онд Өмнөд Судан тусгаар тогтнолоо зарласнаас хойш газрын тосны нөөцийн гуравны хоёр хувь нь тус улсад харъяалагдах болж, газрын тосны үйлдвэр, тоног төхөөрөмж нь Суданд үлдсэн юм.
Н.Энх