Цэцэрлэг хэрэгтэй юү, цэнгэлдэх хэрэгтэй юү

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг хэрэгтэй юү, цэнгэлдэх хэрэгтэй юү

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудаас энэ асуултыг хэд хэдэн удаа асуулаа. Учир нь тус аймагт жилд нэг удаа өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаар ганц удаа хэрэглэх задгай цэнгэлдэх хүрээлэн бариад хэдийнэ эхэлжээ. Аймгийн төвд 800 хүний суудалтай стадион байсаар байхад бусдыг даган дуурайж 3000 хүний суудалтай стадион барина гэдэг нэн тэргүүний асуудал биш. Нөгөөтэйгүүр энэ нь зураг төсөл, төсөв нь огт хийгдээгүй хэрнээ улсын төсвөөс эхний санхжүүжилт болох 1,3 сая төгрөг авч сууриа цутгажээ. Үүний дээр гүйцэтгэгч компани “Арвижих Увс”-ынхан энэ өдөр стадионыг бүрэн дуусгахад дахин 3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Засгийн газрын тэргүүнд ярилаа.  Хууль зөрчин хийгдсэн энэ төслийн талаар сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хайран мөнгө. Ийм мөнгөөр хүүхдийн  5 цэцэрлэг барина. Танай аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байна уу” гэж аймгийн Засаг дарга Э.Цасчихэрээс асууж байлаа.

Улаангом хот 8 цэцэрлэгтэй. Эдгээрт 2000 гаруй хүүхэд хүмүүждэг. Ер нь бол цэцэрлэгийн насны 3000 хүүхэдтэй, цэцэрлэгийн барилга хүрэлцээгүйгээс 1000 гаруй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт байж чадахгүй байгаа. Тус хотод эхний ээлжинд 5 цэцэрлэг шаардлагатай байгаа. Үүний дээр тус хотын захиргаа хувийн цэцэрлэг түрээсэлдэг бөгөөд энэ зардалд одоо 27 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа талаар Улаангом хотын захирагч Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдээлэл өгөөд энэ хөрөнгийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн нь дээрх асуултыг дахин тавихад хүргэсэн юм.

Иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэдэг, хүн рүү чиглэсэн бодлого барьж ажиллана. Бодлогын өөрчлөлт хийнэ, Шуурхай, шударга ажиллана. Ингэхдээ иргэд, олон түмнээсээ санал авч ажиллаж эхэлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд  Увс аймгийн Засаг даргыг цэцэрлэг хэрэгтэй юү, стадион хэрэгтэй юү гэдэг санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулахыг үүрэг болголоо.

Мөн “Хархираа” амралтын газар руу зам тавих хүсэлтийг орон нутгийн удирдлагууд гаргасан бөгөөд тэдэнд хандаж Засгийн газрын тэргүүн “25 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд нуурын хөвөө рүү очих зам тавих уу, дулаан тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах буюу худалдааны төв барих уу гэдэгт зөв харилт олох ёстой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил хий гэхээр өөрсдийнхөө хүслийн жагсаалтыг биш иргэдийн амьдралд шаардлагатай байгаа ажлуудын жагсаалтыг гаргаад тулгамдсан асуудлаас нь эхэлж хийх учиртай гэж орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ажлаа хугацаанд нь өгөхгүй бол дахин тендер өгөхгүй гэв

Монгол
Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны
лхагва гаригт Монгол орныхоо баруун хязгаар Увс аймагт ажиллалаа. Монгол
Улсын 27 дахь Ерөнхий сайдын орон нутагт хийх энэ удаагийн томилолт
Ховд, Баян-Өлгий аймагт үргэлжилж, өчигдөр төрсөн нутаг Увс аймгтаа
ажиллалаа. Ерөнхий сайдыг Улаангом хотын төв талбайд хүндэт харуул угтан
авч, төр засгийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг
өргөснөөр түүний тус аймагт дахь анхны томилолт эхэллээ. Тэрбээр энэ
өдөр шинэ, хуучин дулааны станц, дараа нь Улаангом хотын төв стадионы
барилгын ажил, хүнс болоод барааны захын үйл ажиллагаатай танилцлаа.

Хуучин
дулааны станцыг 2003 онд Д.Сурмаажав захиралтай “Түлш дулааны нэгдэл”
компани хувьчилж авсан бөгөөд 25 жилийн настай энэ станц 2008 онд
Улаангом хотыг хөлдөөх шахсан тул тус аймаг шинэ станц барихаар тендер
зарласан юм байна. 2011 оноос шинэ станц барьж эхэлсэн “Баян хайрхны
чоно” компани 7,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барихаар тендерт
ялж ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Энэ оны 11 дүгээр сард эхний зуухыг
ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй гэж буй хэдий ч өнөөдрийн байдлаар 70
орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 7,2 тэрбум төгрөгөөр станц барина гэж
тендер авсан тус компани ашиглалтад оруулах графикт хугацаанаасаа хоцорч
байгаагийн дээр дахин 2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тайлбар хийсэн
нь Ерөнхий сайдыг нэлээд бухимдуулсан бөгөөд тэрбээр “Өөрсдийн санал
хүсэлтээр ажил авчихаад дараа нь мөнгө хүрэлцэхгүй байна гээд тэрбум
тэрбумаар нь мөнгө нэмдэг жишиг тогтсон байна. Төсөвт өртгийн үлдэгдэл 2
тэрбум төгрөгөө гүйцэтгэлээ хийж аваагүй хэрнээ яагаад нэмж мөнгө
нэхээд байгаа юм. Та нарыг энэ тендэрт хэн оролц гэж шахсан юм” хэмээн
хатуухан хэлээд ийм байдыг Шинэчлэлийн Засгийн газар таслан зогсооно гэж
мэдэгдлээ. Ингэхдээ ажлаа хугацаандаа өгөөгүй, нэмж мөнгө шаардаж
байгаа компаниудыг дахин тендерт оруулахгүй гэдгийг ч тэрбээр хатуу
анхааруулаад 11 дүгээр сарын 1 гэхэд эхний зуухыг ашиглалтад оруулах
үүрэг өглөө. Улсын ийм их хэмжээний хөрөнгө зарчихсан шинэ станцын
талаар 2008 онд Улаангомыг хөлдөөх шахсан хуучин станц 2010 оноос хэвийн
ажиллаж, тус хотын 90 хувийг дулаанаар хангадаг байсаар байхад хуучин
станцтай хүчин чадал адил нэмэлт эх үүсвэр ойрын жилүүдэд шаардлагагүй
байсан гэж тайлбарлах хүмүүс ч бас байлаа гэж Засгийн газрын Хэвлэл
мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж