Гэхдээ сүүлийн жилүүдэд утаагүй зуух, үртсэн түлш гээд дорвитой арга
хэмжээг авдаг сантай болоод жаахан ч гэсэн үр дүн гарч байгааг хэн
хүнгүй л мэдэж байгаа биз ээ. Цэвэр агаарын санг байгуулах болсон нь
агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах, агаарын чанарт хяналт
тавих, бохирдлын хор уршгаар үүссэн хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг
хамгаалахад шаардагдах зардлыг нөхөн төлөх зорилгоор агаар бохирдуулсны
төлөө төлбөр төлдөг байх хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд
байгуулсан юм.
Харин агаарын бохирдлын төлбөр төлөгч нь түүхий нүүрс олборлогч, органик
уусгагчийг үйлдвэрлэгч, органик уусгагчийг импортлогч, автотээврийн
болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин
эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарт бохирдол гаргах эх үүсвэр
хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна хэмээн заасан
байдаг.
Тийм ч учраас жолооч нар агаар бохирдуулсныхаа төлөө төлбөр төлж, бага ч
гэсэн үүргээ ухамсарлаад байгаа. Харин түүхий нүүрс олборлогчид үүргээ
нэг л сайн ухамсарлахгүй байгаа нь хэнд ч тодорхой. Түүнчлэн энэ ажилд
иргэдийн оролцоо маш их дутагдаж байгаа юм. Учир нь нийслэлд Монгол
Улсын нийт иргэдийн дийлэнх нь амьдардаг. Мөн эдгээрийн ихэнх нь гэр
хороололд буюу галлагаатай байшин болон монгол гэртээ амьдардаг.
Харин үүнийг нь овжин наймаачид ашиглаж, нүүрс түлээнийхээ үнийг тэнгэрт
хадаана. Тиймээс Монголын хахир хатуу өвөлд гэрээ дулаахан байлгахын
тулд бид юу эсийг түлдэг билээ. Цахилгаан станцуудын бүдүүн яндантай
зэрэгцэн, айл бүхний яндангаас хар утаа суунаглаж, өнөөх гайт утаагаа
өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ. Тэгсэн хэрнээ хэн нэгэн зориудаар тарааж
байгаа мэтээр аашилж, утаа багассангүй, нөгөө л янзаараа байна гэх
зэргээр шүүмжлэх нь энүүхэнд. Утаа гээчийг улаанбаатарчууд өөрсдөө
үйлдвэрлэж, түүндээ эргээд хордож байна. Өсвөр насны хүүхдүүд хатгалгаа
тусч, амьсгалахад ч хүнд байгаа талаар эмч мэргэжилтнүүд сануулсаар
байгаа.
Тиймээс иргэн бүр энэ ажилд идэвхийлэн оролцож, өөрсдийнхөө төлөө өвөл
түлэх түлшээ зөв сонгож, утаагүй түлш, халдаг шалнааас авахуулаад утааны
эсрэг тэмцэж болох бүхий л зүйлийг ашиглан, утаатай тэмцье. Нэгэн цагт
их хот маань замын түгжрэлээсээ сална гэдэг бараг л "Мянгуужингийн
үлгэр" мэт сонсогддог байсан бол өнөөдөр тэр ойлголтоос хэдий нь
салсаныг бид мэднэ.
"Хүн хичээвэл яадгийг харуулж байна аа" гэж нэгэн хошин жүжигт гарч
байдаг шиг замын түгжрэлийн эсрэг засаг төр нь дорвитой арга хэмжээ
аваад ард иргэд нь түүнийг ягштал биелүүлж хаа хаанаа шат шатандаа
хичээх юм бол өргөс авах адил асуудал цэгцрэхгүй ч гэлээ аажмаар нэг
тийшээ шийдэгдэх зөв гольдрол руу орж болохыг замын түгжрэлтэй тэмцэх
хөтөлбөр харуулж байна.
Харин одоо Улаанбаатарын утааны эсрэг нийслэлчүүд бид яг үүн шиг тэмцэх
цаг нь нэгэнт ирээд байна. Аймаг сум, хөдөө орон нутгаас шилжин ирсэн
нэгнийгээ утаа нэмэрлэгсэд гэж ад үзэхийн оронд айл саахалт хавь
ойрынхноороо нийлж байгаад утаагүй зуухаа, үртсэн түлштэйгээ түлээд энэ
өвлийг давчихбал ер нь яасан юм бэ. Утаагүй түлш, үртсэн түлшээ түлээд
агаарын бохирдолд нэмэр болохгүй хэр нь сайхан өнтэй өвөлжсөн айлуудын
жишээ олон л байдаг юм билээ. Аль болгон бид чинь нүүрс, покрышка түлж,
хорт утаандаа угаартаж хүн амынхаа удмын санд эсрэгээр нөлөөлөх билээ
дээ.
Утааны эсрэг хаа хаанаа хичээгээд энэ өвөл нэг ухамсартайгаар тэмцье гээд уриалчихъя.
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН