-Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Энэ нь иргэдийн нуруунд бас нэгэн ачаа болон очиж байна. Зөвхөн 25 хувиас дээш хатуулагтай архи болон тамхины үнийг нэмэхээр хууль батлагдсан ч түүнийг дагаад бүх барааны үнэд нэмэгдэж буйг хэрхэн тайлбарлах вэ. Бидний одоо хэрэгжүүлж буй мөнгөний бодлого хэр зөв замаар явж байна?
-Үнэ өсч байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт манай улс гаднаас буюу импортоос хараат улс.Тиймээс ам.долларын ханш өсвөл импортлогчдод ашиггүй, экспортлогчдод ашигтай болж байгаа юм. Гэхдээ зах зээл зөв горимоор явдаггүй учраас импортлогчид хүмүүсийн сэтгэхүйгээр тоглоод байна. Учир нь тэд ам.долларын ханш өссөнөөр бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна гэж иргэдэд ойлгуулдаг. Хоёрдугаарт импортлогчдын хувьд үүсч байгаа асуудал нь 100 ам.доллараар худалдан авалт хийлээ гэхэд өмнө нь 1300 орчим төгрөгөөр авдаг байсан ханш өсчихлөө. Тиймээс бараа, бүтээгдэхүүндээ илүү зардлаа шингээж олж байгаа хэрэг. Ам.долларын ханш өсөхөд нөлөөлж байгаа зүйл нь гадаад худалдааны алдагдал. Гадаад худалдааны алдагдал өсч байгаагийн учир нь экспортоос давсан импорттой байна. Хэрвээ манай улсыг нэг өрх гэж үзвэл бид 100 төгрөг олоод 150-ыг зарлагадаад байна гэсэн үг. Энэ тохиолдолд бид бэлэн мөнгөгүй болж байгаа юм. Үүнтэй адил ханш өсч байгаа бол ам.доллар ховордсон гэж ойлгож болно. Тэгэхээр хомсдол үүсч байгаа бол түүнийг олохын тулд үнийг өсгөж байгаа хэрэг шүү дээ. Энэ нь гинжин урвалаар дамжин үнэд нөлөөлж байгаа юм.
-Монголбанк зарим үед ам.долларын арилжаанд ороогүй харагддаг. Арилжаанд оролцох үедээ хэрэв тухайн үед ам.долларын ханш 1400 төгрөг байна гэхэд 1395 орчим төгрөгөөр борлуулж байх юм. Уг нь ханш тогтворжуулахын тулд арай бага үнээр худалдах ёстой болов уу гэж хардаг?
-2008-2009 оны үед ам.долларын ханш 1700 хүрч байсан үед Монголбанк 1140 төгрөгөөр арил жаанд оролцдог байсан юм. Тухайн үед ам.долларын ханшийг барих зорилгоор ийм алхам хийсэн. Гэтэл энэ нь ченжүүдэд ашигтай болж хувирсан. Учир нь Монголбанк валютын арилжаа хийх өдөр нь тэд их хэмжээгээр авч зориудаар хомсдол үүсгэдэг байсан. Ингэсээр байгаад Монголбанк бараг нөөцгүй болсон юм. Тэгсэн хэрнээ ам.долларын ханш өссөн. Үүнийг валютын довтолгоо гэдэг. Манай эдийн засагт төсвөөс том хэмжээний хөрөнгөтэй аж ахуйн нэгж, банкууд бий учраас зөнд нь орхих хэрэгтэй. Тийм ч учраас Төвбанк өмнөх алдаанаасаа суралцан зах зээлийнхээ зарчмаар явж байна гэж харж байна. Аливаа зүйлийг хүчээр зохицуулах гээд оролдохоор улсын төсөв, валютын сан хоосорчихдог гэдгийг бид мэднэ. Аяндаа экспорт сэргээд ирэхээр валютын ханш буцаад буух нь тодорхой.
-Валютын ханшаа тогтвортой барьдаггүй, бодлогын хүү нэмэхээс өөрийг хийхгүй байна гэхчлэн Монголбанкыг буруутгах нь олон байдаг. Ханш тогтвортой байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ. Бодлогын хүү нэмэхээс өөр арга бий юу?
-Тэгэхээр саванд ус дүүргэх хэрэгтэй гэвэл Төвбанк цорго болж байгаа юм. Сав усгүй байвал хатна, их хийвэл халина. Ийм учраас цоргийг маш болгоомжтойгоор нээх хэрэгтэй. Гэтэл бидний хэрэглэж байгаа сав руу нэг биш гурван цоргоор ус хийж байна. Нэгд Сангийн яам төсвөөр, хоёрт гадны хөрөнгө оруулалт, гадаад худалдаа. Энэ хоёр цоргыг хэрхэн онгойлгохыг УИХ, Засгийн газар мэддэг. Тиймээс Төвбанкнаас хамаарахгүйгээр нөгөө хоёр цорго нь ажиллаад байгаа үед өөрөөсөө нэмж байгаа усаа багасгахыг бодно. Эндээс Монголбанкны эрх мэдэл бага байгааг харж болно. Тэд өөрийнхөө хэмжээнд авах арга хэмжээг хангалттай авч байна. Үүний цаана хувийн хэвшлийнхэн хохирдог тал бий.
-Иргэдийн дийлэнх нь арилжааны банкуудаас зээл аван амьдралаа залгуулдаг. Бодлогын хүү нэмэгдэж байгаагийн хэрээр арилжааны банкуудын зээлийн хүү дагаад өснө. Мөн сүүлийн үед зээл ихээхэн хумигдаж байна гэх юм?
-Нэг талаасаа арилжааны банкууд зээлээ хумьж байгаа талаарх мэдээлэлд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв тэд зээл хумьж байгаа талаар ярьж эхэлвэл иргэд хадгаламжаа татна. Энэ нь банкинд эргэлтийн хөрөнг өгүй болох эрсдэлтэй. Учир нь тэд иргэдийн мөнгөөр богино хугацаатай эргэлт хийж хүүгээр нь орлого олдог. Тиймээс арилжааны банкуудын хувьд нууцалж болно. Гэхдээ одоогоор зээл олголт суларсан байгаа харагддаг. Ер нь заавал дампуурах гэж байгаа учраас зээл зогсоодог гэж ойлгож болохгүй.
-Арилжааны банкууд зээлээ хумьж байгаа нь нэг талдаа иргэдэд сөрөг нөлөөтэй болж байна. Учир нь төсвөөс санхүүжилт хийгдэхгүй байгаа энэ үед ажил, үйлчилгээ явуулж байгаа зарим газруудад хөрөнгийн эх үүсвэрийг нь арилжааны банкууд гаргаад өгөх боломжийг бүрдүүлж болохгүй юу?
-Хэрэв арилжааны банкийг хувь хүн гэж бодвол түүнд аав, ээж, ах, дүү, найз нөхөд нь итгээд бүх мөнгөө хадгалуулсан гэсэн үг. Гэтэл ажил нь жигдэрсэн орлоготой нэгэн эсвэл эрсдэлтэй бизнес эрхэлж яваа хоёрын алинд нь мөнгө зээлдүүлэх вэ гэж байгаа хэрэг. Мэдээж хүн аав, ээжийнхээ арайхийж цуглуулсан мөнгийг эрсдэлтэй бизнест оруулаад алдахыг хэзээ ч бодохгүй. Тиймээс арилжааны банкуудыг тэгж хэлж болохгүй. Яагаад гэвэл тэд хадгаламж эзэмшигч, харилцагч нарынхаа мөнгөөр богино хугацааны эргэлт хийж байгаа. Хадгаламж эзэмшигчдийн өмнө мөнгийг нь найдвартай өсгөж өгнө гэдэг амлалтыг өгсөн хүмүүс. Инфляцийн өндөр өсөлт сонгуулийн бэлэн мөнгөний амлалт, төсвийн зарлага нэмэгдсэнээс үүдэлтэй. Хүн бүрт сар бүр 21 мянган төгрөг гэхээр нэг хүний хувьд бага сонсогдож байгаа ч нийт иргэдийнхээ хувьд аваад үзвэл одоогийн байдлаар 1.6 их наяд төгрөг зарцуулахаар ийм хүнд байдалд орох нь аргагүй.
-Тэгвэл сонгуулийн хоосон амлалт нь өнөөдрийн энэ байдалд хүргэчихжээ. Иргэдэд өгч байгаа бэлэн мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулсан бол инфляцид нөлөөлөхгүй байсан уу?
-Бэлэн мөнгө эдийн засагт нийлүүлснээр баялаг үүсч байх ёстой байтал сүүлийн жилүүдэд огт болсонгүй. Шууд утгаараа бол иргэдээ харж үзэж байгаа сайн төр засаг харагдана. Ер нь бэлэн мөнгө тараах нь цаад утгаараа эдийн засгийг хорлож байдаг зүйл. Гэтэл зэс нүүрсний бодит хэмжээ буурсаар байгаа. Үнэ нь өссөн учраас эдийн засаг өссөн мэт харагдаад байгаа юм. Энэ бол хөөс. Гэтэл хөөсөн үнээс татвар авна, үүнээс улбаатай эдийн засаг хөөсрөлтэй явж харагдаад байна. Үүнийг банкууд мэдэж байгаа учраас л зээлээ хумьж байгаа хэрэг. Бид мөнгийг зүгээр тараах биш өсгөдөг систем рүү шилжих хэрэгтэй. Уул уурхайн баялгаа ашиглан мөнгө олж чадаж буй энэ үедээ л түүнийгээ баялаг, мэдлэг, бүтээн байгуулалт болгон хувиргаж авч үлдэхгүй бол шавхагддаг нөөц дуусахад яах вэ гэдэг асуудалтай тулгарна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин