Зөвлөгөөнийг нээж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччин, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн С.Дондов нар үг хэлсэн юм.
Тэд хэлсэн үгэндээ үндэсний хэмжээнд хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг төлөвшүүлэх, жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр үндэсний механизм бүрдүүлэх нь чухал болохыг хэлж байлаа. Монгол Улс 2015 он гэхэд парламентын гишүүдийн 30 хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлэх зорилтыг Мянганы хөгжлийн зорилтууддаа тусган дэлхий ниймийн өмнө амлалт авсан юм. УИХ-ын 2012 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг Сонгуулийн хуульд тусгасны үр дүнд есөн эмэгтэй гишүүн сонгогдон УИХ-ын гишүүдийн 12 хувийг бүрдүүлсэн нь өмнөх гуравхан хувьтай байсантай жишихэд ахицтай ч Мянганы хөгжлийн зорилтын амлалтдаа хүрээгүйг эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байлаа.
Жендэрийн тэгш байдлын тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр үндэсний механизм бүрдүүлэх нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.