Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, жүдо бөхийн ахлах дасгалжуулагч О.Балжинням “Миний шавь Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж, баяраа багш, аав ээж, амраг хань, найз нөхөд, хамаатан садантайгаа хамт хуваалцаж байгаад нь баярлаж байна.
Хүрэл медаль хүртэх үед үнэхээр сайхан. Өөрийн эрхгүй огшиж, баярлаж, бахархаж байлаа. Мэдээж багш хүний хувьд өөрийн гараар бэлтгэсэн шавь амжилт үзүүлнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй юм билээ. Хүрэлийн төлөө Нидерландын бөх Декс Эльмонттой үнэн хүчээ үзэж барилдсан. Тэгээд ОХУ-ын бөх Мажсур Исаевтай барилдаад өөрийнх нь ялалтыг нөгөө талд өгөхөд сэтгэл жаахан гонсгор үлдсэн. Гэхдээ олимпоос хүрэл медаль хүртэнэ гэдэг олон аавын хүүд тохиолддог зүйл биш ээ. Ням-Очир залуу байна. Дахиад олон тэмцээн уралдаан, олимпийн наадам хүлээж байна. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, медалийн өнгөө хувиргана гэдэгт итгэлтэй байгаа шүү”.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
-“Зуны олимпийн XXX наадамд манай шигшээ багийнхан амжилттай сайн оролцсон. Багийн маань амжилтын гарааг С.Ням-Очир эхлүүлж хүрэл медаль хүртсэн. Гавьяат тамирчин цолных нь найранд уригдан ирээд сайхан байна. Манай жүдогийн шигшээ багийн тамирчдын үндсэн зорилго гэж бий. Түүнийгээ л мөрдөж, дээдэлж яваарай”.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар
-“2012 оны олимпийн наадамд монголчуудын салхийг хагалж хүрэл медаль хүртсэн найзаараа бахархаж байгаа. Ер нь бол найзыгаа медаль атгана гэдэгт итгэлтэй байсан. Манайхаас алтан медалийн болзол хангах чадвартай тамирчид явсан. Ням-Очирын хувьд энэ жил Парисын “Их дуулга”-д түрүүлсэн учир олимпоос медаль авна гэдгээ өөрөө хэлж байсан. Цаашдаа жүдо бөхийн түүхэнд аваагүй медалиа авч шинэ хуудас нээх болтугай гэж ерөөе. Найздаа амжилт хүсье”.
ОУХМ П.Лхамдэгд
-“Ханиараа бахархаж байна. Бид бие биедээ зааж сургах, зөвлөгөө өгөх тал дээрээ харилцан сайн ойлголцдог. Хэрвээ би Лондоны олимпоос медаль авсан бол магадгүй өнөөдөр хамтдаа баяраа тэмдэглэх байсан болов уу” /инээв/.
Гавьяат тамирчин Д.Цэрэнханд
-“Бид нэг дэвжээнд бэлтгэл хийдэг. Миний сайн дүү байгаа юм. Олимпоос медаль авахад нь өөрөө авсан юм шиг баярлаад сүйд болсон. Хамтдаа зүдрэх үедээ зүдэрч, зовох үедээ зовж байж амжилт гаргаж хүрэл медалийг авчирсан болохоор дүүгээрээ бахархаж байна. Ер нь тэгээд хүнд тусархуу нийтэч, сайн хүүхэд байгаа. Цаашдаа өөртөө улам итгэлтэй байж өндөр амжилт гаргахыг ерөөе”.
Монгол Улсын аварга С.Мөнхбат
-“Юуны өмнө үе тэнгийн найздаа гавьяат тамирчин хэмээх цол хүртсэнд баяр хүргэе. Бид хоёр анх Увс аймгаас 2006 онд Улаанбаатарт орж ирээд бөхийн гараагаа эхэлж байсан. Ингээд хүсэл мөрөөдөл нь биелж олимпийн хүрэл медальтан болсон. Миний найз дайчин, ялагдашгүй хүн дээ. Мэдээж тамирчин хүн нас залуу байхад олон уралдаан, барилдаан хүлээж байгаа шүү. Энэ амжилтаа бататгаж ахиулна биз дээ. Удахгүй Лхамаатайгаа хуримлаж улс эх орондоо өргөө гэрийнхээ өрхийг татаж, үүдийг нь нээх гэж байгаад нь бас дахин баяр хүргэе”.
С.Ням-Очирын анхны багш Ю.Баттогтох
-“Монголынхоо нэрийг дэлхий дахинд гаргасан шавьтай боллоо. Би 14 жилийн өмнө Тэс сумандаа бөхийн секц хичээллүүлж гарын шавь нартай болж байлаа. Дөрөвдүгээр ангиас есдүгээр анги хүртэл миний гар дээр бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Ингээд 14 жилийн дараа алдар гавьяагаа дуурсгасан шавьтай боллоо. Ням-Очирын хувьд анх бөхийн дугуйланд явахдаа нүднээс нь гал бутарч, нүүрнээс нь гэгээ цацарсан хөдөлгөөнтэй хүү байсан. Бэлтгэл сургуулилалтыг хичээнгүй, шургуу дайчин хийдэг хүүхэд байсан. Ирээдүйд ч нэг юм дуулгана гэж итгэл найдвар тавьж байсан минь талаар өнгөрсөнгүй, баяртай байна”.
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Баттулга
-“Манай С.Ням-Очир бяртай бөх. Олимпийн наадамд амжилт гаргана гэдэгт нь 100 хувь итгэлтэй байсан. Цаашдаа бэлтгэлээ хийж амжилт гаргана гэдэгт багш хүний хувьд итгэж байна. Ард түмнээ баярлуулаарай”
МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат
-“Их спорт гэдэг асар их тэвчээр шаарддаг. Гэтэл манай Ням-Очир ямар агуу гэдгээ харуулж чадсан. Гавьяат тамирчин гэдэг цолоор энгэрээ цоолуулж, шагнуулсанд сэтгэл өндөр байна. Угаасаа бөхийн удамтай, өөрөө ч төрөлхөөс заяасан бөх хүн дээ. Дүүгээ цаашдаа олон амжилтын эзэн болно гэдэгт итгэж байгаа шүү.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар
-“Монголчууд бяртай, чадалтай гэдгээ харуулсан. Олимпийн наадмаас медаль авна гэдэг нөр их хөдөлмөр. Бахархаж байсан. Дүүгийнхээ амжилтын цадиг түүх нь арвин зузаан байх болтугай гэж ерөөе”.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин