Элэгний хорт хавдраар жилд 1400-1600 хүн өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Элэгний хорт хавдраар жилд 1400-1600 хүн өвчилж байна

Хоол боловсруулах эрхтний  хорт хавдраар монголчууд сүүлийн жилүүдэд их өвчлөх болсон. Тэр дундаа элэг, нойр булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилж байгаа. Энэ талаар ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Манайд хорт хавдрыг дурангийн мэс заслын аргаар хэдийнээс эмчилж эхэлсэн бэ. Энэ эмчилгээ хэр үр дүнтэй байна вэ?

-Сүүлийн үед анагаах ухаа­ны хөгжилд технологийн дэв­шил хүчтэй нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ технологиос шалтгаалж онош­логооны чанар  сайжирсан. Ин­гэс­нээр хоол боловсруулах замын хорт хавдрыг цаг тухайд нь эрт илрүүлдэг болсон. Мөн хорт хавдрыг хөнөөл багатай аргаар эмчлэх шинэ арга технологи нэвтрүүлээд байгаа. Хавдрыг том зүсч авдаг байсан бол дурангийн мэс заслын аргаар жижигхэн зүсч биед ямар нэг нөлөөлөлгүйгээр эмчилгээ хийдэг болсон.

-Энэ аргыг нэвтрүүлснээр ач холбогдлын хувьд хэр чухал вэ?

-Дэлхий нийтэд тогтсон тех­но­логийн аргыг Монголд нэвтрүүлэх нь чухал ач хол­богдолтой. ХСҮТ сүүлийн гур­ван жил дурангийн мэс заслын эмчилгээг маш эрчимтэй хөгжүүлж байгаа. Ялангуяа хорт хавдрыг эрт үед нь оношилж амь насанд нь  аюул учрахаас сэргийлдэг болсон. Тухайлбал, элэг, нойр булчирхайн хавдрыг дурангаар тайрч, нөхөн сэргээх эмчилгээг сайн хийж байгаа. Ингэснээр хүний ажиллах, амьдрах чадамжийг хэвийн байлгаж хурдан эдгээдэг.

-Хоол боловсруулах замын хорт хавдар юунаас үүдэлтэй юм бэ?

-Хавдар бүр адилгүй. Жишээл­бэл,  Монголд элэгний хорт хавдар  хамгийн элбэг тохиолддог. Үүний шалтгаан нь мэдээж  В, С вирус. Ходоодны хорт хавдар ихэвчлэн хоол хүнс болон хелико бактериас үүдэлтэй. Ха­рин бүдүүн шулуун гэдэсний хавдрын шалтгаан тодорхой бус байдаг. Ер нь энэ төрлийн хорт хавдар ихэвчлэн хүнсний хэрэглээгээ тохируулаагүйгээс болдог.

-Насны байдлаар авч үзвэл хэдээс хэдэн насныханд хавдраар өвчлөх нь элбэг байна вэ?

-Хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэх тусам өвчлөл их байдаг. Тэгэхээр амьжиргааны түвшин сайжрах, эдийн засгийн хөгжлийн хүрээнд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж хавд­рын өвчлөл дагаад ихэсч байгаа. Сүүлийн жилүүдэд  хорт хавдрын өвчлөл  залуужиж байна. Ха­рин элэгний вирусийн хувьд наслалттай холбоогүй. Вирустай холбоотой байдаг.

-Хорт хавдрыг эрт илрүүлж эмчилдэг болсон гэлээ. Эмчилгээ, тоног төхөөрөмжид зарцуулах хөрөнгө мөнгөний хүрэлцээ хэр байдаг вэ?

-Сүүлийн үед эдийн засаг дээшилж байгаатай холбоотой эрүүл мэндийн салбарт засгийн газраас  их хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ ихэвчлэн оношлогоонд зарцуулагддаг. Оношлогоо гэдэг нь дуран, компьютер томографикийн оношлогоо, эхо гээд олон төрөл байдаг. Орон нутагт тоног төхөөрөмж хүрэлцээ муутай байгаа. Мөн боловсон хүчин маш дутмаг. Тоног төхөөрөмжийн асуудлыг шийдлээ ч  боловсон хүчний сургалтын асуудал дутмаг болохоор тэгш хэмд ажиллаж чадахгүй байна.

-Тэгвэл боловсон хүчин бэлтгэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-ХСҮТ-ийнхөн, Япон улсын ХСҮТ-тэй хамтарч эмч, эрдэмт­дийн  хурлыг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Уг хурлын үеэр дурангийн хорт хавдрын  мэргэжилтнүүд туршлага солилц­сон. Японы эмч нараас туршлага судлахад чухал ач холбогдолтой хурал болсон.

-Та элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа гэж ярилаа. Жилд хэчнээн хүн өвчилдөг юм бэ?

-Нэмэгдэж байгаа нь үнэн. Тухайлбал, элэгний хавдраар жилд 1400-1600 хүн шинээр өвчилж байна.

-Тэгвэл тухайн хорт хав­дар удаан эмчлэгдээгүй тохиолдолд уршиг ихтэй байдаг уу?

-Элэгний хавдартай дэлхий нийтээрээ тэмцээд  дийлэхгүй байгаа. Эрт үед нь илрүүлсэн  то­хиолдолд урьдчилсан эмчил­гээ хийлгэж, мэс засалд ор­вол амьдрах магадлал 95-97 хувьтай байдаг. Харин хожуу илэрсэн тохиолдолд эмчлэхэд хүндрэлтэй.  Хорт хавдрын хо­жуу үе нэгээс гурван жил л наслуулдаг. Тийм учраас тухайн хавдрыг ямар үе шатандаа байна вэ, тухайн хүн эмчилгээ хэр авах боломжтой вэ гэдгийг тодорхойлдог.

-Хавдрын хагалгаа  хийлгэс­нээр хэр үр дүнтэй вэ?

-Бид  дурангийн мэс заслын аргаар элэгний хорт хавдрын  25  тохиолдолд  хагалгаа хийсэн. Элэгний хорт хавдрын хагалгаа хийлгэсэн хүмүүсээс  нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Дурангийн хагалгааны онцлог нь тухайн хүн эдгэрэхдээ маш хурдан байдаг.

Ч.СУВДАА

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж