Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна.
Уран барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нар тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан, далд ухамсрын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдлийг ургуулан сэтгэж, уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран баримлуудыг урласан байна.
Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарна.