-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Т.Туяамаа гэх бүсгүйгээр сонин сайхан юу байгааг сонсмоор байна?
-Баярлалаа. Намайг урьж ярилцаж байгаад маш их баярлалаа. Хичээл орсон болохоор бүх хүн завгүй байх шиг байна. Миний хувьд гэсэн ажил ундраад, хичээл ихтэй явж байна даа.
-Ингэхэд та загварын тайзан дээр анх хэзээ хөл тавьсан бэ. Загварынхан таны чансааг нэлээд дээгүүрт тодорхойлдог болохоор ийн асууж байна л даа?
-Загвар өмсөгч болох эхлэл маань багаасаа гэж хэлж болно. Хамгийн анх тавдугаар ангид байхдаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож, загварын тайзнаа хөл тавьж байлаа. Түүнээс хойш нэлээн олон жил өнгөрсөн байна. Яг мэргэжлийн загвар өмсөгч болоод дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Дэлгэцийн бүтээлд дүр бүтээх санал ирж байна уу?
-Нэлээд олон санал ирсэн. Миний хувьд кино буюу дэлгэцийн урлагт мэргэжлийн хүмүүс тоглох нь илүү санагддаг. Яагаад гэвэл загвар өмсөгч ч юм уу, дуучин тоглохоор маш их учир дутагдалтай харагддаг. Мэргэжлийн жүжигчид ч үүнд шүүмжлэлттэй ханддаг.
-Тэгвэл та кинонд тоглохгүй гэсэн үг үү?
-Тэгсэн үг биш ээ. Маш гоё түүхэн кинонд дүр бүтээх санал ирвэл тоглоно. Ингэхдээ сайн суралцаж байгаад өөртөө тохирсон дүрийг бүтээх юмсан гэж боддог. Надад санал тавьсан кинонууд нээлтээ хийгээд гарч байна. Одоогоор ирсэн санал бүрт зөвшөөрөөд байх бодолгүй л явна.
-Эгэл жирийн охин, олны танил болох хоёрын хооронд хэр их зааг ялгаа байдаг вэ?
-Тийм сүрхий зааг ялгаа байхгүй ээ. Мэдээж хэрэг жил ирэх тусам миний хийж байгаа үйл ажиллагаа өргөжиж, ажил маань дэвшиж байна. Түүнийхээ хэрээр илүү олон хүнийг хамарч байдаг. Тэр ч утгаараа танилын хүрээ өргөсч байгаа юм болов уу.
-Та дуулдаг. Хамтлагийнхаа талаар яриач, хэзээ байгуулагдсан гээд л…?
-Манай хамтлаг гурван гишүүнтэй. Надад энэ хамтлагт орох санал өнгөрсөн жилийн зургадугаар сард ирж, хамтлагийн гишүүн болох санал тавьсан юм. Би багаасаа дуулах сонирхолтой хүүхэд байсан. Тийм ч учраас энэ саналыг маш сайхнаар хүлээн авсан. Гэвч энэ жил сургуулиа төгсөх, дээрээс нь давхар өөр сургуульд сурч байгаа учраас хамтлагийнхаа ажлаас түр чөлөө авсан.
-Танай хамтлаг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Урын сандаа хэчнээн дуутай болов?
-Жил гаруй болчихсон байна шүү. За байз, манай хамтлаг урын сандаа найм, ес орчим дуутай болсон юм байна аа.
-Загвар өмсөнө, дуулна гээд Т.Туяамаагийн авьяас ундраад л байдаг бололтой. Хүмүүсийн мэдэхгүй өөр ямар авьяас нуугдаж байгаа бол?
-Авьяасгүй хүн гэж байдаггүй юм шиг санагддаг. Түүнийгээ өөрийнхөө хүсэл сонирхолдоо нийцүүлж, хөгжүүлж чадсан нь илүү тодорч гардаг юм болов уу. Миний хувьд нууц авьяас байгаа. Төгөлдөр хуур, ёочин хөгжим тоглодог.
-Та социологич мэргэжлээр сурдаг гэсэн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу. Аль эсвэл урлагийн хүн болох уу?
-Сургуулиа төгсөөд энэ мэргэжлээр ажиллана боддоггүй юм. Сэтгүүлзүй талдаа сонирхолтой болохоор энэ чиглэлээр дахин сурч магадгүй. Мөн урлагийн, загварын ажил ч залуу насных учраас тодорхой хугацаандаа амжуулж, мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлнэ гэж хүсдэг.
-Боловсролдоо хэр анхаардаг вэ?
-Маш их анхаарч байгаа. Мэдээж залуу хүн болохоор гадаад явж мэргэжил дээшлүүлэх бодол бий. Одооноос гадаад хэлний мэдлэгтээ түлхүү анхаарч, сургуулиа төгсөхдөө илүү их ач холбогдол өгч байна.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь сонин санагдлаа. Их завгүй байдаг бололтой?
-Ер нь бол завгүй үе их бий. Гэсэн ч ажил, амралтаа зохицуулахыг хичээдэг. Өглөө босч хичээлдээ явна. Түүний дараа дахиад хичээлдээ сууна. Тэгээд ажил дээрээ ирнэ. Би “Шилмэл загвар” агентлагт багшилдаг юм. Одоогоор хоёр анги дааж авсан байгаа. Дунд шатны болон загварын багшийн хичээлээ заадаг.
-Оролцож байсан тэмцээнүүдээсээ сонирхуулвал?
-Тэмцээн уралдаанд идэвхитэй оролцож байсан. Хамгийн анх “Мисс Монголиа” тэмцээнээс эхэлсэн. Түүнчлэн “Манжуурын мисс” гэж олон улсын тэмцээнд оролцоод гуравдугаар байрын шагнал, дээрээс нь шилдэг үндэсний хувцасны загвар өмсөгч гэсэн шагналыг авч байлаа. Дараа нь “Азийн супер модель” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож “Азийн топ модель” гэсэн өргөмжлөлийг авчирсан. Хамгийн сүүлд гэвэл өнгөрсөн зургадугаар сард Солонгос улсын Сөүл хотноо болсон Миссийн тэмцээнд оролцож нэгдүгээр байр эзэлсэн. Мөн энэ шагналтай хамт хамгийн шилдэг мэргэжлийн загвар өмсөгч гэсэн номинацийн шагнал хүртсэн. Миний хувьд өмнөх жилүүдэд “Гоёл” наадамд оролцох гэхээр гадаадад байгаад орж чаддаггүй байсан. Харин өнгөрсөн жил оролцоод “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагнал авсан. Одоогоор ийм л амжилттай байна даа.
-Та шагнал гардаж байхдаа юун тухай боддог вэ. Яагаад ч юм энэ сэтгэгдлийг сонсмоор санагдаад?
-Ямар ч тэмцээн уралдаанд оролцсон түрүүлэх юмсан л гэж боддог. Ер нь тэмцээнд орж байхдаа нэг их зүйл боддоггүй. Харин хамгийн хэцүү үе нь тайзан дээр шагнал гардуулж байх тэр мөч. Шагналт байрт орохгүй байх вий гэдэг ч юм уу. Ер нь бол янз янзын л юм бодно доо.
-Таны үлгэр дууриал авдаг загвар өмсөгч хэн бэ?
-Топ модель Э.Сэлэнгэ эгчтэй илүү дотно байдаг. Бие биетэйгээ ярилцдаг. Ер нь тэр хүнээс үлгэр дууриал авч, сурах юм их бий.
-Хүн бүр мөрөөдөлтэй, хүсч тэмүүлдэг ирээдүйтэй. Таны хувьд ирээдүйгээ хэрхэн зураглав?
-Би их мөрөөдөмтгий. Хүн сайн явах нь заяа сайных гэж боддог. Тийм болохоор аль болох сайн сайхан зүйлийг бодож, түүн рүүгээ тэмүүлж явахыг хүсдэг. Гэрэл гэгээтэй мөрөөдлөөр өөрийгөө байнга цэнэглэж явахыг хичээдэг. Мэдээж надад мөрөөдөл, зорилго байгаа. Түүнийгээ нандигнаж, нууцалж явбал биелэх болов уу гэж боддог юм. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна. Мөрөөдөл бүхэлдээ алхам алхмаар хүрч, дөхөж л яваа.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Миний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна. Олон улсын хэмжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргахыг хүсч байгаа. Мөн шавь нараа бэлтгэж байна. Монголынхоо нэрийг гаргах хүмүүсийг төрүүлэхийг хичээдэг. “Шилмэл загвар” ордны ажилчид, захирлаараа бахархаж явдаг. Бас намайг үргэлж дэмждэг хайртай ээждээ баярлаж явдаг шүү.