Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрнэ. Тэд ойдоо зориулан олон арга хэмжээ төлөвлөөд байгаа ба ирэх аравдугаар сарын 9, 10, 12-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Гэхдээ та гурван өдөр нэг тоглолт болно гэж андууруузай. Учир нь Морин хуурын чуулга гурван өөр тоглолтоор бэлэг барихаар зэхээд байгаа юм. Үүнд, эхний тоглолтод дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь тоглолт нь дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна. Харин сүүлийн тоглолтдоо Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг нэг дор сонсох ховорхон боломжийг бүрдүүлэх гала тоглолт хүргэх аж. Ийнхүү тун удахгүй Морин хуурын чуулга гурван өнгөөр солонгорон үзэгчдийн сонорыг мялаах нь ээ.
Г.Даша