“Есөн намрын зээргэнэ” найргийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Есөн намрын зээргэнэ” найргийн наадам боллоо

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Цэндийн Чимэддорж агснаар Дундговь хоёр өдөр амьсгалж өнжлөө. Энэ нь их найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваагийн санаачилгаар зохион байгуулагдсан  “Есөн намрын зээргэнэ” яруу найргийн наадам юм. Их найрагчийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх энэ баярт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч  Б.Мягмаржав, Ай.Төмөр-Очир, Ц.Дашдамба, Ш.Батжаргал, Р.Батжаргал яруу найрагч О.Содпномпил, Ч.Дагмидмаа, О.Гончигсүрэн, Х.Шонхор Ц.Хүүхэнхүү болон говийн бүсийн аймгуудын яруу найрагчид хүрэлцэн ирсэн байлаа.

Мандалговийн төв талбай дахь их зохиолч С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн энэ баяр наадам аймгийн музейд Яруу найрагч Ц.Чимэддоржийн танхим нээх ёслолоор үргэлжилсэн юм. Их найрагчийн Монголын радиод ажиллахдаа гуч гаруй жил бүтээлээ туурвисан бичгийн машин, “Р-7” гэх репортер / Сурвалжлагын   дуу хураагуур/ танхимд  тавигдсан юм. Орчин үеийн компьютер, цахим техник нэвтэрсэн үед ч “Уулын буга хараад унасан бухаа хаялгүй” энэ л бичгийн машин, нүсэр хүнд аппарадтайгаа нөхөрлөн насан эцэслэтлээ бүтээлээ туурвисны хувьд нэн ховор үзмэр болжээ. Энд хүрэлцэн ирсэн хамтран зүтгэгч Д.Шагдарсүрэн “Манай Чимээгийн насан турш хэрэглэсэн энэ бичгийн машин, репортерийн аль нь ч одоо Монголын радиод нэг ширхэг ч үлдэлгүй актлагдаад дууссан.  Радиод тог тасраад  тэр том байшингийн хэдэн зуун ажилтан ажлаа зогсооход Чимээ л ганцаараа бичгийн машинаа тачигнуулан ажлаа хийсээр суудаг байсан. Нөгөө талаар манай Чимээ маш замбараагүй юм шиг атлаа хачин эмх цэгцтэй, ажилдаа, бүтээлдээ хайртай хүн байсны илрэл нь радиод хийсэн бүх нэвтрүүлгийн гар бичмэлээ эмхлэн хадгалдаг байсан. “Малчин” нэвтрүүлгийн гучин жилийн түүх болсон Чимээгийнхээ энэ хавтсыг музейд нь хадгалуулж байна” гэж дурслаа.

Энэ танхимд нэрт найрагчийн  гавьяат цол хүртэхдээ өмссөн костюм, эдэлж хэрэглэж байсан аяга, халбага, гар бичмэлүүд, Дундговь аймгийн “Улаан туг” сонин, Монголын радиод ажиллаж байх үеийн ховор гэрэл зураг, ном бүтээлүүд тавигдсан байна. Түүний хамтран зүтгэгч, яруу найрагч Ц.Дашдамба энд хэлэхдээ “Энэ танхим байгуулах нэг хэрэг. Чимэддоржийг судлах хэрэгтэй. Музей шинжлэх ухааны судалгааны байгууллага гэдэг утгаар энэ танхим ч судалгааны нэг төв болно.  Тэр бол сэтгүүл зүйн, яруу найргийн бүхэл бүтэн сургууль байсан юм шүү. Монголд хэн ч хийгээгүй, ганц ч үг хэллэггүй, авиа шуумын дөчин минутын нэвтрүүлэг Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгаа. Энэ бол Чимэддоржийн их бүтээлийн зөвхөн нэг жишээ гээд бодчих. Чимэддоржийг судалж тэр их өвийг залуу сэтгүүлчид, найрагчид түүнээс суралцах ёстой” гэлээ.

Мандалговь хотын хойт дүүрэг дэх Соёл амралтын хүрээлэнгийн бүжгийн задгай талбай бүхий цэцэрлэгийг Цэндийн Чимэддоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгон хананд нь дурсгалын самбар байрлуулсан юм. Цэцэрлэгт хүрээлэнг нэрэмжит болгох ёслолыг аймгийн Засаг дарга Д.Чандмань нээж хэлсэн үгэндээ: “Дуу хуурын нутаг Дундговь бол бас айраг, найргийн орон. Намрын дунд сарын энэ билэгт сайн өдөр  дуутай, найрагтай нэгэн авьяас билэгтнийхээ дурсгалыг мөнхжүүлж байгаадаа бид баяртай байна. 

Нэрт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн нэрэмжит  энэ цэцэрлэгт хүрээлэн үе үеийн яруу найрагчдын уран бүтээлийн цэцэрлэг байх болно.  Бүжгийн задгай талбай байсан энэ газар  яруу найрагчдын шүлэг зохиолоо түмэн олондоо толилуулдаг яруу найргийн сүм байх болтугай” гээд дурсгалын самбарыг нээлээ.

Энэд яруу найрагчид шүлэг зохиолоо уншиж, арван жилийн сургуулийн сурагчдын уран уншлага болж  номын баяраар энэхүү нээлтийг мялаасан юм. Энэ үйл явдлыг угтан өсвөрийн хүүхэд багачуудын дунд зарласан Ц.Чимэддоржийн бүтээлийг сурталчилсан бяцхан ном хийх, уран унших уралдааны дүнг гарган шагналыг гардуулсан юм.

Орой нь Төл халхын дуулалт жүжгийн театрт “Есөн намрын зээргэнэ” гэж нэрт зохиолчийн сүүлчийн номоор нэрлэгдсэн яруу найргийн наадам боллоо.  Хамгийн холын зочин, Сүхбаатар аймгаас ирсэн яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир “Миний очиж үзээгүй хоёр аймгийн нэг нь их Норовбанзад, Буяннэмэхтэй, Дашдооровтой, Цэндийн Чимэддоржтой Дундговь байсан юм.  Нэг хүсэл маань биелэгдлээ. Монголын утга зохиолын их өргөөнөө Дэрэнгийн хар азарга, Дарьгангын хар азарга гэж бид хоёр нэрлэгдсэн хуурай ах дүүс юм. Бид хоёр хоёулаа морь зурдаг, морио магтан дуулдаг яруу найрагчид гэдгээрээ адил төсөө олонтой” гээд шүлгээ уншиж байв. Өлзийт сумын малчин, яруу найрагч Ц.Хүүхэнхүүг “Орсон буур” шүлгээ уншихад Улаанбаатараас ирсэн найрагчид “Овоо овоо” гэж танхимаас уухайлсныг бодоход том үнэлгээ авсан хэрэг. Тэрчилэн Гурвансайхан сумын малчин, МЗЭ-ийн гишүүн Гочоогийн Бадамын Ц.Чимэддоржийн дурсгалд зориулсан шүлэгч  гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн юм. Энд яруу найргийн жинхэнэ гал халуун өдрүүд болж өнгөсөн шүү.

Энэхүү ёслолд Ц.Чимэддорж агсны төрөл төррөгсөд, үе үеийн хамтран зүтгэгчид, газар газрын яруу найрагчид, ном зохиолыг дээдлэгчид, аймгийн Төв халхын дуулалт жүжгийг театрын уран бүтээлчид … гээд олон зуун хүн

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж