“Google”-ийн Бразиль дахь захирлыг баривчилна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Google”-ийн Бразиль дахь захирлыг баривчилна

Бразиль дахь “Google” компанийн ерөнхийлөгчийг баривчлах шийдвэрийг тус улсын шүүх гаргасан байна. “Google” хувьцааг нь эзэмшдэг Youtube сайт лалын шашинтнуудыг доромжилсон утга агуулгатай киног сайтаас устгахаас татгалзсан тул Бразиль дахь “Google”-ийн  ерөнхийлөгч Фабио Хосе Силваг баривчлахаар болсон аж.

Учир нь Бразилийн Кампо Гранде хотын даргын сонгуульд нэр дэвшигчдэд энэ явдал сөргөөр нөлөөлнө гэж хотын удирдлагууд үзэж байгаа гэнэ. Тус улсын шүүх “Google”-д гайтай киног устгах шаардлагыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн боловч татгалзсан хариу авчээ. “Google”-ийн захирал интернэт хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэл, видеоны төлөө хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн аж. Гэвч Бразилийн хэвлэлээр Кампо Гранде хотын захирагчад нэр дэвшигч энэ хэрэгт холбоотой тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Тиймээс Бразилийн шүүхийн шүүгч Зөнч Мухаммедыг гутаан доромжилсон кино тус улсын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Харин шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа “Google” давж заалдахаа мэдэгдсэн юм. Интернэт хайлтын аварга “Google” интернэт бол улс төр, нэр дэвшигчдийн тухай санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ертөнц хэмээн байр сууриа илэрхийлжээ. Гэвч лалын ертөнцөд бослого хөдөлгөөн дэгдээж, лалын шашинтнуудыг хилэгнүүлсэн Зөнч Мухаммедын тухай кино “Google”-ийг асуудалд оруулаад байгаа бөгөөд “Google” интернэт хэрэглэrчдийн коммент, видеоны төлөө хариуцлага хүлээх ёстой эсэх тухай асуудал гарч иржээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж