Хүн амьдралдаа тоо томшгүй олон удаа баярлалаа гэж хэлдэг гэж бодном. Тэр нь чин сэтгэлийнх, ердийнх гээд гомдсондоо ч хөөрсөндөө ч атаархсандаа ч хэлж байдаг, заримдаа анзаарагдалгүй өнгөрдөг үг. Үнэ цэнэ нь бол өөр, өөр л байх.
Миний хувьд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх цаг ирсэн гэж бодном. “Ардын эрх” сонин дахин төрөөд найм дахь жилдээ 2000 дахь дугаараа гаргаж байна. Хоёр мянга гэдэг тоо бол мөнгө төгрөгний хувьд хагас кг ч мах авч чадахгүй өчүүхэн. Сонины хувьд бол бүхэл бүтэн үеийн, бүхэл бүтэн хамт олныг төлөөлөх асар их тоо болно гэж бодох юм. Эхний дугаараас нь 2000 дахь хүртэл ажил, амьдралд нь оролцож явсан миний хувьд энэ бол агуу тоо билээ. Энэ хугацаанд би 2000 дахин боловсорч, 2000 дахин сонин сэтгүүлийн хүн болов. 2000 дахин найзалж, нөхөрлөж ирлээ. 2000 дахин илүү хүн болов.
Анх сонин сэтгүүлийн ажилд учир явдлаа олохгүй явж ирсний үр дүн маань энэ 2000 гэдэг тоогоор хамгийн тод томруун хэлэгдэх учиртай. Одоо намайг сэтгүүлчдийн их гэр бүл таньж мэндлэх болсон нь, бас ч үгүй уншдаг хүнтэй болсон нь “Ардын эрх” сонины минь буян хишиг юм. Тийм ч учраас амьдралын минь гэгээтэй үе болсон “Ардын эрх” сониндоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх учиртай хүн билээ. Хамт 2000-ыг туулсан хүн бүрт нь баярлалаа гэж хэлээд Та нараараа бахархаж явдгаа илэрхийлсэн Ш.МЯГМАРСАМБУУ
НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭНДЭЭ БАХАРХДАГ
Хөөх долоон жил өнгөрчихөж. Дээлээ сольсон шинэхэн “Ардын эрх” сонин дахин мэндлээд долоон жил болжээ. “Өдрийн сонин”-оос тасарч гарсан хэсэг нөхөд маань шинэ “Ардын эрх”-ийн анхны дугаарыг өлгийдөн авах гээд байраа түрээслэж, шалаа угаагаад, сандал ширээгээ угсарч тоосыг нь арчиж суусан тэр мөчөөс хойш долоон жил. Сонин гарна гэж дуншаад бараг хоёр сар болсон санагдана. Тэгээд анхны дугаар гарахад миний нийтлэл уг сонины анхны тэргүүн нийтлэл болж билээ. “ЮКОС-ын дампуурал Монголд шатахууны хомсдол дагуулах уу” гээд дор нь Л.Мөнхбаясгалан гэсэн нэртэй гарсан тэр дугаар одоо лав “Ардын эрх” сонин болон “Ньюс” агентлагийн алтан түүх болж мөнхөрсөн гэвэл эндүүрэл биш ээ. Учир нь өнөөгийн алдарт “Ньюс” агентлагийн анхны шавыг бид тийнхүү “Ардын эрх” сониныхоо хуудсаар тэрлэж суув шүү дээ. Тиймээ, би энэ түүхэндээ хайртай. Би “Ардын эрх”-ыг анхлан байгуулалцсан гэж хэлэхдээ дуртай. Намайг жинхэнэ өдөр тутмын сонины хүн болгох школыг “Ардын эрх” өгч, “Өдрийн сонин”-ны жирийн сурвалжлагчаас тоймч болох үзэл бодлыг минь энэ сонин төлөвшүүлсэн гэж бодном.
Өнөөдөр “Ардын эрх” 2000 дахь дугаараа гаргаж байна. Өдөр тутмын сонины түүхэнд 2000 дахь дугаар бол долоон жилийн хөдөлмөр байдаг байх нь. Нэг гэрт төрөөгүй, нэг газар өсөөгүй, өөр боловсролтой, өөр хүмүүжилтэй олон хүн зүрхнийхээ цохилтыг тааруулж байгаад “Ардын эрх” сониныг долоон жилийн турш ард түмний дуу хоолой байлгана гэдэг тийм ч амархан ажил биш шүү. Сэтгэлээ чагнаж бичдэг, бусдыг хүндэтгэдэг, сонинд хайртай хүмүүс л энэ ажлыг хийдэг юм даа. Тиймээс сониндоо, мэргэжилдээ, уншигчдадаа хайртай та бүхэндээ 2000 дахь дугаарын баярын мэнд хүргэж амжилт хүсье.
“Ардын эрх” сонин хариуцлагатай, тэнцвэртэй олон ургальч, хараат бус, шуурхай, бусдад хүндэтгэлтэй, хүнлэг, иргэний байр суурьтай гэх найман зарчимдаа үнэнч байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болтугай.
Дуран микрофоннтой ажиллаж байсан телевизийн сэтгүүлч миний бие нэг л өглөө сонин хэвлэлд хүчээ үзэхээр зориглосон нь 2005 оны долдугаар сарын сүүлч байлаа. Төрийн төв хэвлэлээс түмний шударга индэр болон өөрчлөгдсөн “Ардын эрх” сонины хамт олон шууд л намайг “Тоймч” хэмээх томоохон албан тушаалд томилж орхилоо. Манай албанд Л.Мөнхбаясгалан, А.Алтантуяа, Т.Мөнхтунгалаг бид хэд байлаа. Уужим том өрөөний баруун хойд мухарт манайхан тухлана. Үе үе тэндээс дуу дуугаа авалцсан бөөн инээдэм сонсогдоно. Ядахад манай албанд бүгдээрээ дуу өндөртэй, хурц, дайчин чанартай нөхдүүд цуглачихжээ. Хүний савыг хоосон буцаахааргүй хэл амтай, хэрэг гарвал хэний ч өмнөөс үзэг цаасаа чулуудахаас буцахгүй ийм л хүмүүс хэдэн жил тэнд бужигнажээ. Заримдаа шинэхэн сэтгүүлчдийн хувьд сэдвээ бичих гэж цагт хавчигдан ядаж байхад бидний их дуу шуу чихэнд чийртэй ч байсан байж мэднэ.
Гэвч биднээс топ сэдэв, хадаас мэдээ гарах нь цөөнгүй учраас дугаар удирдагч нар маань “Та нар жаахан дуугаа татчих” гэхээс өөрийг хэлдэггүй байлаа. Өглөөний шуурхай дээр бие биенийгээ авах юмгүй болтол авч хаячихаад үдээс хойш нийлчихсээн ганц нэг шар айраг уусан шиг маргаашийнхаа сэдвийг ярьж суусан өдрүүд олон бий. Тэр бүхний үр дүнд уншигч олноо шуугиулсан олон сайхан нийтлэлүүд ар араасаа гарч байлаа. Л.Мөнхбаясгалангийн бичсэн түүхийн үнэт ховор үзмэрүүд харь газар хэрхэн одсон тухай эрэн сурвалжилсан цуврал нийтлэлүүд, Т.Мөнхтунгалагийн хууль эрх зүйн шуугиант материалууд, А.Алтантуяагийн Голланд өвчний тухай эдийн засгийн цуврал нийтлэлүүд уншигчдын төдийгүй улстөрчид, хэвлэл мэдээллийнхний анхааралд эрхгүй өртөж байлаа.
Сонин хэвлэлийн туршлагатай сэтгүүлчдийн дунд шууд л шумбаад орчихсон миний бие яаж хүнээс дутах вэ гэсэн нэрэлхсэн сэтгэлээрээ айх эмээх юмгүй шууд л бичээд эхэллээ. “Үхэх хүнд эрх чөлөө хэрэгтэй”, “Маршал Ю.Цэдэнбалын одон хаана байна вэ?”, “Утсаа аваач дарга нараа”, “Хадганд ороосон хахуулийн мөнгөн аяга”, “Баярын тухай гунигт бодлыг бас дахин өгүүлэх нь”, “Уйтай намрын эмгэнэл”, “Шаналсан эцгийн эрэл” гэх мэт нийтлэл, сурвалжлага, өгүүлэл, тэмдэглэл бичлээ. Бичих тусам урам орно. Эрхлэгч Б.Тэмүүлэн, хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, зөвлөх Г.Бямбажал ах болон бусад бүх хүмүүс л харамгүй зөвлөнө. Удалгүй намайг Нийгэм эдийн засгийн албаны даргаар дэвшүүлж орхив. Өөрөө өөрийгөө л болгоож байсан надад энэ бол ёстой “дөнгө” байлаа. Харин манай албаны Л.Нарантөгс, Б.Бадамгарав, Г.Нэргүй гээд л хэдэн сайхан залуучууд намайг юунд ч хүргэдэггүй байлаа. Тэд өдөр өдрийнхөө ажлыг амжуулчихаад “Та санаа зовох хэрэггүй. Дүү нар нь бүгдийг нь амжуулчихна” гэдэгсэн. Миний хувьд тэдэндээ “сургааль, номоо хайрлаж, засаж, зааварлах”-аас өөр зүйлийг хийдэггүй байжээ. Одоо тэд маань бүгд туршлагатай, сайн сэтгүүлч болж өсчээ.
Манай сонины өнгө төрхийг олоход хүн болгоны онцлог дүр төрх, үүрэг хариуцлага чухал нөлөөлсөн гэж би боддог. Дээр дурдсан олон сайхан сэтгүүлчдээс гадна Ш.Гэрэлсайханы билгийн нүд, хурц авьяасаар, Ш.Мягмарсамбуугийн хөдөлмөрч дайчин, хөнгөн найрсаг, хошин төрхөөр, Д.Оюунцэцэгийн уйгагүй зүтгэлээр, З.Боргилмаагийн зангарагтай бодлоор, Ц.Булганзаяагийн хичээнгүй бичлэгээр, С.Баяраагийн шуурхай мэдрэмжээр, Ч.Мөнгөнтуулын харамгүй сэтгэлээр, М.Тунгалагийн тусч чанараар “Ардын эрх” сонин ард түмнийхээ индэр болж өссөн гэвэл хэтрүүлэг болохгүй.
Энэ бүх ах дүү, найз нөхөд, мэргэжил нэгт хамт олондоо 2000 дахь дугаарын баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
2004 он. Монгол Улсын Боловсролын их сургуулийн шинэхэн төгсөгч миний бие оюутан байхдаа “Зууны мэдээ” сонинд ажилладаг байлаа. Харин сургуулиа төгссөний дараа нэг л гоё шинэ юм хийж, шинэ орчинд ажилламаар санагдаад болдоггүй ээ. Чухам юу тэгж их хатгаад байсныг мэдэхгүй ч угийн огцом зан минь гэнэтийн шийдвэр гаргахыг шахаад байсан санагдаж байна. Яг энэ үед “Ардын эрх” сонин байгуулагдах чимээ гарч, З.Боргилмаа эгчтэй уулзаж байсан юм. Тэр оройдоо их л сүртэй төлөвлөгөөг сонирхолтой агаад нэг их гоё эмэгтэйлэг хоолойгоор тайлбарлах З.Боргио эгчийн ярианд нам уусаад орчих шиг л болсон санагдана. Харамсалтай нь, манай албаныхны “Ардын эрх” сонины анхны дугаарт зориулан зүтгэж зүтгэж хийсэн соёл, урлагийн нүүр шаардлага хангаагүйн улмаас тэр орой нь дарга нар шинээр хийсэн тухай яриа өглөө нь хацар түлсэн удаатай. Ингэж л “Ардын эрх” сонины анхны дугаарт ажилласан гавьяа бүтэлгүйтэж, ажиллах урам тэр өдөртөө л нуран унаж байсан юм. Гэсэн ч маргаашнаас нь дахиад л ажиллана.
Тухайн үед сургууль төгсөөд удаагүй болоод ч тэрүү тасалбарынх нь үнийг ажлаас гаргуулж аваад л тоглолт үзэх шиг гоё юм байхгүй байлаа. Даанч тоглолтынхоо билетийг нягтлан Ч.Мөнгөнтуул эгчид баримт болгож хураалгах нь л жаахан онцгой. Гэсэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолт бүрийг алдахгүй үзнэ. Хамтлаг, дуучдын тоглолтыг ч тасална гэж байхгүй. Сонгодог хөгжмийн бүтээл эгшиглэх өдөр бол бүр ч гэртээ харихгүй. Нэг их урлаг ойлгодог мэддэг хүн шиг түүнийгээ чин сэтгэлээсээ бичих шиг таашаалтай сурвалжлага гэж баймгүй мэт санагдана. Өвлийн орой бол бүр ч гоё. Тоглолтоос үлдсэн нандин мэдрэмжээ “сугавчилсаар” цан татуулан алхаж гэр рүүгээ явах дэндүү сайхан. Тэр үеийн энэ мэдрэмж дэндүү гоё тансаг, их гоё аз жаргалтай байсан болохоор “Ардын эрх” сониныхоо хамт олонд талархал илэрхийлэхгүй байхын аргагүй ээ.
Дараагаас нь либертари үзлийг шүтэгч болж эхэллээ. “Ардын эрх” сонины редакци бүхэлдээ хувь хүний эрх чөлөөг дээдэлж, хувь хүний эрх чөлөөг шүтэгчид болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн албаны дарга А.Алтантуяа эгчийн амнаас байнга л “Хувь хүний л эрх шүү дээ. Энэ чинь либертари үзэл шүү дээ” гэх үг гарна. Орлогч эрхлэгч Д.Нарантуяа эгч ч гэсэн мөн л адил. Тэдний нөлөөгөөр тухайн үедээ “Монголын либертари сан”-гаас гаргасан Нобелийн шагналт Хаекийн “Боолчлогдох зам” тэргүүтэй олон номыг худалдан авч, ихэд шимтэн уншдаг байсан юм. Одоо ч номын санд минь хүндтэй байр суурь эзэлсээр л байгаа.
Энэ шинэ сонголт хувь хүнд минь огт өөр ертөнцийг нээж, өөрийгөө хэн бэ гэдэгт хариулт олж чадахгүй уймарч байх үед чамгүй олон удаа тус болж байсан юм. Тийм ч учраас сэтгэлгээний эрх чөлөө рүү хөтлөгч “Ардын эрх” сониныхоо хамт олонд дахин, дахин талархахгүй үлдэж боломгүй санагдана. Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Сайн үйлс тань дэлгэрч, Монголын сэтгүүлзүйд өөрчлөлт авчирсан эрх чөлөөт үзэл тань улам бүр батжин дэлгэрэхийг ерөөе.