Хөгжмийн зохиолч, продюсер Батмөнхийн Чинбатын түүхэн “Аравт” киноны хөгжмийн тоглолт аравдугаар сарын 17-19-нд “Аса” циркт болох юм. Тоглолтод Улсын филармонийн оркестр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гран-при шагналт морин хуурч Д.Шинэцог, “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Энэхүү тоглолтдоо зориулж Б.Чинбат “Аравт”-ын ноотоо оркестрт зориулан шинээр бичиж, саяхан дуусгажээ. Шинэчилж бичихийн тулд тэрбээр сар гаруй хугацаанд уйгагүй суусан гэнэ.
Б.Чинбат өнөөдрөөс Улсын филармонийн оркестртой бэлтгэлдээ гарлаа. Түүнийг тайзнаа удирдаачаар харах өдөр улам бүр ойртсоор байна.