Шалгагдаж буй барилгын ажилтнуудыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Шалгагдаж буй барилгын ажилтнуудыг батлан даалтад гаргажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж, 12 настай бяцхан охины амийг авч одсон харамсалтай хэрэг есдүгээр сарын 3-нд гарсан билээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарт эрүү үүсгэж цагдан хориод байсан ч батлан даалтад гаргасан байна. Тэднийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 183.1-дэх заалтад “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж