Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Шүүх хурал 12 цаг гаруй үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Энэхүү хэргийн талаар Нийслэлийн шүүхээс 10.00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцсон бөгөөд Н.Энхбаярыг С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар өмгөөлсөн юм. Шүүх хурлын дараа Н.Энхбаярын өмгөөлөгчид Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.
Д.ЖАРГАЛ