“АЭ” чуулганы анхны “хуралдаан” 2006.дөрөвдүгээр сарын 14-нд сонины хуудаснаа “хуралдсан” юм. Энэхүү хуралдаан бол өнөөдөр нэгэнт тодорхой болсон Оюутолгойн хувьцааг монголчуудад худалдан, эзэмшүүлэх боломжтой эсэх асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Анхны чуулганы “Оюутолгойн энгийн хувьцааг гаргаж, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн худалдах нь зөв үү?” гэсэн асуултад тухайн үеийн гишүүд “Өмчлөгч нь Айвенхоу Майнз компани байгаа. Тэд өөрсдөө худалдая гэж байгаа бол монголчууд худалдан авах нь зөв” гэсэн хариулт өгсөн нь өнөөдөр гайхам санагдаж магадгүй. Гэвч тухайн үед Оюутолгойн ашиглалтын асуудал ч бүрхэг, Хөрөнгө оруулалтын гэрээ ч сураг үгүй, хувьцааны тухай ойлголт бүрхэг байсан өдрүүдийн түүхийг энэхүү чуулган сонины хуудаснаас та бүхэнд сануулах буй за.
“АЭ” чуулганы 2006 оны арванхоёрдугаар сарын 22-ны хуралдаан “Та Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байна уу” байна уу гэсэн асуултаар өрнөсөн. Өнөөдөр магадгүй бага зэрэг мартагдаад байгаа тухайн үедээ багагүй хөндөгдөж байсан асуултад УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Энэхүү хуралдаанд УИХ-ын 66 гишүүн оролцсоноос Ж.Батхуяг, С.Батболд, Р.Нямсүрэн, М.Сономпил, М.Энхсайхан нарын таван гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлж, Н.Баяртсайхан, Б.Жаргалсайхан асуултад хариулахаас татгалзаж, гишүүн Д.Арвин, Д.Дондог, Т.Бадамжунай, Р.Буд намынхаа бодлогыг дагана гэсэн бол Н.Баяртсайхан, Ц.Сүхбаатар, У.Хүрэлсүх, А.Цанжид, Ц.Шаравдорж, Ө.Энхтүвшин нар үгээ харамлажээ. Энэхүү хуралдаанаар гишүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ч Монголд парламентын засаглал сул, дутагдалтай зүйл их байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Өнөөдөр ч яригдсаар байгаа орон сууцны урт хугацааны зээл буюу моргейжийн тогтолцооны талаар ардын эрх 2007 оны тавдугаар сарын 4-ны “АЭ”-ийн чуулганаараа эрхэм гишүүдийг хуралдуулсан юм. Тухайн үед олон нийтийн анхаарлыг татаж байсан цалингаараа амьдрах боломж буюу урт хугацааны зээлээр орон сууцтай болох мөрөөдлийн гэмээр санаачлагыг тухайн үеийн УИХ-ын гишүүд бараг бүгд дэмжиж байлаа, “Цалингаараа амьдарч яг харагдаач. Харин өртэй бол баян” гэсэн хөдөлгөөнийг дэмжмээр байна” гэсэн цаагууруу моргейжийн зээлийн хөтөлбөрийг дэмжсэн ганц хариултыг эс тооцвол. Энэ удаагийн чуулганд нийт 56 гишүүн 64,4 хувийн ирцтэйгээр оролцсон нь тухайн үеийн магадгүй өнөөдрийн ч чуулганы танхимд цугладгаас давуу оролцоотой байсан гэж хэлж болох. Гишүүдийн 7,9 хувь нь буюу зургаан гишүүн өвчтэй, чөлөөтэй, томилолттой байж, мөн л зургаан гишүүн хариулт өгөхөөс татгалзаж, 76 гишүүнээс зургаагаас бусад нь “АЭ” чуулганд нэгдсэн юм.
2010 оны зургадугаар сарын 11 буюу УИХ-аар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг ид хэлэлцэж байх үед “АЭ” чуулганаа энэхүү асуудалд хандуулсан юм. УИХ-ын гишүүдийн байр суурийг
-Та Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг дэмжиж байна уу?
-Та Монголын төмөр замыг өргөтгөхөд аль чиглэлийг дэмжих вэ /Зүүн чиглэл, урагшаа, хоёуланг нь/
-Монголын төмөр замыг өргөтгөхөд өргөн, нарийн царигийн аль нь үр ашигтай гэж үзэж байна вэ? гэсэн гурван асуултаар сонжсон юм.
Төмөр замын өргөн, нарийн цариг хэмээх асуудал тухайн үедээ чамгүй маргаан дэгдээж байсны адилаар “АЭ”-ийн чуулганд ч гишүүд өөр өөр байр суурийг илэрхийлж байсан. Тухайлбал, хэдийгээр энэ үед УИХ-ын намуудын бүлэг дээр асуудлыг нэгэнт тохироод байсан ч гишүүд хувийн байр сууриа өөр өөрөөр илэрхийлж байлаа. Мөн асуултад хариулахаас татгалзсан гишүүд ч цөөнгүй байлаа. Энэхүү хэлэлцүүлгээр хариулт өгсөн 51 гишүүнээс 13 нь өргөн цариг, 26 нь хос, хоёр гишүүн нарийн цариг зүйтэй гэсэн саналыг илэрхийлсэн юм.
Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар тухайн үедээ дэгдэж байсан ширүүн маргааны төгсгөл болоод үр дүн өнөөдөр хэдийнэ тодорхой болсон. Маргаан, мэтгэлцээний ид халуун үе буюу 2012 оны хоёрдугаар сарын УИХ-ын ээлжит сонгууль болохоос дөрвөн сарын өмнө “АЭ” энэ талаар гишүүдийн байр суурийг сонирхсон юм. Сонирхолтой нь “АЭ” чуулганд оролцсон гишүүдийн ирц хийгээд илэрхийлсэн байр суурь тухайн үедээ УИХ-ын “жинхэнэ” чуулганыхантай яг ижил байсан юм. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын гишүүд УИХ болоод НИТХ-ын сонгуулийг хамтатган явуулахыг эсэргүүцэж, автомат тооллогын үр дүнд эргэлзэж байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намынхан эсрэг. Үйл явц цаашид хэрхэн өрнөснийг та бид мэдэж байгаа билээ.