Архидалт, авлига, агаарын бохирдолт, аллага, амиа хорлолт гээд өглөө бүрийн сонин хэвлэлийн мэдээ үхэл хагацлаар үргэлжлэх. Осол гэмтэл, хулгай дээрэм, хүний наймаа, хүчирхийллээр орой бүрийн телевизийн мэдээ урсана. Барилга дээрээс унаж гэмтэв, кран нурж хүүхэд дарав, төмөр унаж хүний амь насыг бүрэлгэв, ээжийгээ алаад шатаав, аавыгаа архи уулаа хэмээн зодож алав, хүүхдүүд хордов, хүмүүсийг дайрч хөнөөв гээд чөтгөр хүртэл аймаар , шөнө харж дарж зүүдэлмээр хар мэдээнүүд ар араасаа цуварсаар.Үнэндээ энэ бүхэн өнөөдөр л гэнэт бий болчихоод байгаа юм биш л дээ. Олон жилийн турш хуримтлагдсан идээ бээрэндээ Монголын нийгэм идэгдэж, эхнээсээ муу муухай нь сад тавин асгарч байгаа хэрэг. Айраг, тараг хүртэл муудаж исэхээр сагаж асгарч савнаасаа хальдаг шүү дээ. Энэхүү идээ бээрийг шавхаж гаргахын тул эрхбаригчид бодлогоо, тогтолцоогоо, хууль, журмаа эргэн харах цаг болоод байгааг дахин дахин сануулмаар байна. Хуулийг хүний төлөө баталдаг болохоос, хуулийн төлөө хүн амьдардаггүй юм. Хуулийг борчууд, баячууд гэлтгүй хүн бүр дагах, биелүүлэх үүрэгтэй. Энэ бол иргэншилтэй нийгэмийн нэг онцлог. Харамсалтай нь, Монголд мөнгөтэй нь хуулийг худалдан авч, мөнгөгүй нь хуульд дарамтлуулдаг гажиг тогтолцоо амь бөхтэй оршин тогтнож байна. Энэхүү тогтолцоог эвдэхгүйгээр монгол хүн аюулгүй амьдрах боломж байхгүй. Монгол Улсын хууль өнгө мөнгө, эрх мэдэлтний өмнө гууль болдоггүйсэн бол өнөөдөр хүний амь сохор зоосны үнэгүй болтлоо хямдрахгүй байсан биз.
Үер усны аюул, газар хөдлөлт, салхи шуурга гээд бурханы ивээлээр Монгол байгалийн гамшгаас холуур өнгөрдөг ч дайны хөлд нэрвэгдсэн афганистан, иракчуудаас дутахгүй эмгэнэлтэй, эрсдэлтэй байдалд монголчууд амьдарч байна шүү дээ. Үнэндээ Япон шиг усан дунд, эсвэл Афган шиг үргэлжийн галын дунд оршиж байсан бол монгол үндэстэн өдийд үгүй болчихсон байх байлгүй. Золоор Монголд байгалийн гамшиг тэр бүр тохиодоггүй нь яамай. Тэгж өөрсдийгөө хуурах юм даа бид.
Өглөө гэрээсээ эрүүл саруул гарсан охиноо, хүүгээ орой гэртээ эсэн мэнд эргэж ирээсэй гэж ээжүүд залбирч байна. Дайны тухай киноноос л ээжүүд хүүгээ эсэн мэнд эргэж ирээсэй гэж залбирч байхыг харж байснаас биш энх цагийн Монголд ээжүүд айдастай, аавууд түгшүүртэй амьдрахын чинээ хэн санах билээ. Гэртээ, халуун ам бүлээрээ сууж байгаад хэн нэгний машинд дайруулж амиа алдах хүртлээ монгол хүний амьд явах эрх алдагдсан байх юм. Саяхан Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн малчин Б.Отгонтулгын гэрийг 72- 81 УНИ улсын дугаартай "Land rover" машины жолооч дайрч, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан бол одоогоос хоёр жилийн өмнө бас л согтуу жолооч гэртээ хүүхдээ тэврээд унтаж байсан эмэгтэйг дайрч сүйдэлсэн хэрэг гарч байсан .
Хүүхдээ хөтлөөд гудамжаар алхахаас ч аймаар болчихсон, гэртээ ч тайван унтах эрхээ алдчихсан, өвдлөө гэхэд өвчинг маань эмчлээд өгнө гэсэн итгэлээ гээчихсэн монголчуудын амь хотоор нэг хийсэх болсон гялгар уутны дайтай л үнэлэгдэх болсон нь танил тал, мөнгө төгрөгтэй нь юу ч хийсэн хамаагүй, хариуцлага хүлээдэггүй энэ нийгмийн, тийм нийгэм буй болгоод байгаа төр засгийн буруу. Хог тоос, утаа униар дунд хорт хавдараар өвчилтлөө амьдарч, эхийн хэвлийд бүрэлдсэн ураг эсэн мэнд төрж чадахгүйд хүрсэн ийм л аймаар, эмгэнэлтэй нийгэмд монголчууд амьдарч байна шүү дээ. Ийм байхад эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөр нь иргэд юугаа хийж, түүгээр яах юм билээ. Сайн, сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй эдийн засгийн 17 хувийн өсөлт, иргэн бүрт ногдуулаад байгаа ДНБ-ий 3000 ам.доллараар нь яах уу. Тэр их мөнгө нь тэгээд хаана, хэний халаасыг дүүргээд, хэнд алтан аяганаас ус уух боломжийг нь хангаад, хэнийг харин хязгаарлаад байгаа хэрэг вэ.
Төр шиг төртэй, төр нь хүнээ гэдэг байсан бол хоёр сая гаруйхан монгол хүний амь 40 сая гаруй малаасаа дор үнэлэгдэхгүй л байлаа. Өнөөдөр монгол хүний амь малаас дор үнэлэгдэж байгаа нь худлаа биш. Мал нь төрийг хамгаалалтад хүн нь харин төрийн бодлогын гадна. Мал нь зуданд үхлээ гэвэл хүүе, хайя болдог хэрнээ иргэн нь зүй бусаар, зуурдаар амиа алдсаар байгааг зүгээр л хараад суух гэж үү.
Иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэдээ үйлчил гэж бид төрөө сонгодог гэж ойлгодог. Тиймдээ ч төр нь иргэддээ үйлчилдэг, иргэдээ хамгаалдаг гэдэгт итгэмээр л байна. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд монголчуудын сонголт буруу байв уу, эсвэл монгол хүн азгүй байв уу, ямар ч байсан мөнгөтэй, танилтай хүний уланд ард түмний эрх ашиг гишгэгдтэлээ унасан байх юм. Малаасаа, газрын хэвлий доорх баялгаасаа монгол хүн уг нь хямдхан үнэлэгдэх ёсгүй. Ардчилсан төртэй, өөрийн гэсэн Үндсэн хуультай, тусгаар тогтносон улс мөн л юм бол монгол хүн амьд явах эрхтэй нь үнэн. Амьд явах эрхийг нь төр хангах нь бүр үнэн. Би амьд явмаар байна.
Ж.НЯМСҮРЭН