![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/9/553cecafe0d95fa3/319df909b4a80875big.jpg)
Озэки Харумафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын аки башёд 15 даваа авч, 100 хувийн амжилт үзүүлсэн. Өмнөх нагоё башёд мөн дээрх амжилт үзүүлсэн тэрбээр ийнхүү хоёр башё дараалан 15 даваатай түрүүлж, ёкозуна цолд хүрсэн гурав дахь сумоч болж буй. Өмнө нь Фүтүбаяма, Таканохана нар л дээрхийн адил амжилтаар сумогийн дээд цолд хүрч байжээ. Их аварга Таканохана 2003 онд зодог тайлснаасаа хойш нутгийн бөх ёкозуна цолд хүрээгүй. Энэ хугацаанд их аварга Асашёорюү Д.Дагвадорж, их аварга Хакухо М.Даваажаргал нар сумогийн дэвжээг эзэгнэн байлаа. 2010 оны хоёрдугаар сард зодог тайлсан Асашёорюү аваргаас хойш 69 дэх ёкозуна Хакухо монгол сумочдын нэрийг тахалж байсан юм. Харин өдгөө арлын оронд тал нутгийн нар гийж, шинэ аварга, шинэ ёкозуна төрсөн нь Харумафүжи Д.Бямбадорж.
Японы сумогийн дэвжээнээ Эзэн хааны цомыг дөрвөнтөө хүртсэн тэрбээр өдгөө 28 настай. Уран, дайчин, ухаалаг барилдаантай түүнийг цаашид их аварга болох хэмжээнд чансаатай барилдаан үзүүлнэ гэдэгт итгэл төгс буйгаа Ёкозунагийн зөвлөлийн гишүүд илэрхийлжээ.
Сумогийн дэвжээнээ төрсөн 70 дахь ёкозунад 70 дахь их аварга болохыг ерөөе.