Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Шашны фанатууд

Оны шилдэг ном шалгаруулах ёслол болж байв.

Хөтлөгч:
-Энэ оны шилдэг бүтээлээр Богд Зонховагийн “Бодь мөрийн зэрэг” ном шалгарчээ. Ингээд Зонхова гуайг тайзан дээр урья… гэхэд танхим алга ташилтаар бус хошин инээдээр цуурайтав. Учир нь Богд Зонхова хэдэн зууны тэртээх хүн. Түүний бүтээлийг зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо эрхлэн гаргасныг хөөрхөн хөтлөгч даан ч мэдсэнгүй. Ингээд Б.Цэнддоо тайзнаа гарч ирэн “Богд Зонхова ирэх боломжгүй учраас би өмнөөс нь ирлээ” гэтэл хөөрхөн хөтлөгч дахиад л “Богд Зонхова гуай ажилтай болохоор ирж амжаагүй юм байна. Өөрийн бие төлөөлөгчөө явуулжээ” гэх нь тэр. Дахиад л инээд. Гэхдээ энэ бидний үнэн дүр төрх. Өнөөдөр буддизм гэж юуг мэдэхгүй ч балар харанхуйгаар шүтэх фанатууд олширчээ.

13-дугаар зуунд дэлхийн талыг эзлэх гэж эх нутгаасаа мордсон монголчууд Дундад Азийг алга хөрвүүлэхийн зуурт эзлэн авсан түүх бий. Талын нүүдэлчдэд лал мөргөлтнүүдийг эзлэн авах тийм ч зүдэргээтэй байсангүй. Харин ч төвшитгөх хэцүүхэн байсан юм. Ууланд бүгсэн лалын шашны фанатууд болох алан хядагчид, толгой язгууртнууд, монгол цэргийн жанжнуудыг хөнөөж удирдалгагүй болгохыг эрмэлзэж байв. Уулын өвгөн нэрээр алдаршсан энэ шашны хэнээтнүүд үнэн хэрэг дээрээ Дундад Азийг бүхэлд нь атгасаар ирснийг өнөөдөр мэдэхгүй хүн цөөн биз. Таалагдахгүй бол ямар ч султан, шейх, төрийн зүтгэлтэн илднийх нь үзүүрт амь үрэгддэг байлаа. Хиндүкүшн уулнаа бүгсэн уулын өвгөчүүл бараг мянган жилийн турш ноёрхлоо тогтоогоод байлаа. Харин монголчууд тэдэнтэй эвлэрэхийг хүссэнгүй. Чингис хааны үеэс эхлэж Мөнх хааны үед үргэлжилсэн уулын өвгөчүүлийг намнах ажил монголчуудын ялалтаар төгсч лалын ертөнц монголчуудад талархалтай хандах болов. Монголын эзэнт гүрэн дундад Азид урт удаан хугацаанд оршин тогтносны бас нэг нууц шашны мухар сүсэг, фанатуудыг үгүй болгосонд байсан гэж хэлэхэд нэг их хилсдүүлэг болохгүй.

Шашны хэт мухар сүсэгт автсан шашны нэрээр террор хийгчид ганцхан дундад Азид байсангүй. Христийн шашны фанатууд дундад зууны туршид Европ даяар мянга мянган хүмүүсийг шашинд тэрслэгчид хэмээн цоллож амьдаар нь шатааж, толгойг нь авч байлаа. Дэлхий бөөрөнхийг нотолсон Галилейг ч тэд үгүйсгэж л байсан. Тэр бүхнийг шинжлэх ухаан, логик сэтгэлгээ үгүйсгэгдэж гагцхүү шашны мухар сүсэг ноёлсон энэ зуунуудыг харанхуй зуунууд гэж түүхнээ бичсэн байдаг. Христ, аллахууд л зөвхөн мухар сүсэгт автаж байсангүй. Буддын шашин ч дээд гэгээрэл, харанхуй мухар сүсэг дунд байнга гуйвж дайвсаар ирсэн. Шашны хоёр урсгалын хоорондын цуст тулаанд харийн нутагт хоёр монгол бие биенийхээ цусыг урсгасан түүх бий. Ийм харамсмаар түүх ямар ч шашинд олонтаа тохиолдож байлаа.

Бидний түүхийн хамгийн том жишээ гэвэл 17 дугаар зуунд энэ мэт явдал эрчээ авсан байв. 1635-аад оны үеэр Цогт тайж хүчирхэгжиж цэргийн тоо нь 40 мянга хүрсэн гэсэн барагцаа байдаг. Мөн энэ үеэр Ойрдын Хошуутын Гүш хаан цэргийн хувьд хүчирхэг байсан бөгөөд Түвдэд улааны ба шарын урсгалуудыг хоорондын тэмцэлд оролцох болсон аж. Гүш хаан V Далай ламын толгойлсон шарынхныг дэмжсэн бол харин Цогт тайж улааныхныг дэмжин тэдний хооронд 1637 онд Хөх нуурын хойд эрэг орчим тулалдаан болжээ. Энэ үймээн мэдээж хэрэг Манжид маш их ашигтай. Шашин хоорондын тэмцлээс үүдэн монголчууд өөр хоорондоо хагаралдах нь тэдэнд туйлын ашигтай байсан нь ойлгомжтой. Эцэстээ Монголын хоёр том феодал шашны зөрчлийн улмаас хоорондоо тулалдан үй олон хүний амийг хөнөөхийн дээр харь гүрний хараанд орсон гэж ч дүгнэхэд буруудахгүй.

Өнөөдөр ч гэсэн фанатуудын тэмцэл үргэлжилсээр байгааг орой болгон бид телевизээр харж байна.

Харин монголчууд энэ мухар сүсэгт шашны фанатуудаас ангид байж чадаж байна уу гэдэг асуултад хариулахад нэг их төвөг учрахгүй. Хэдийгээр зэвсэгт тэмцэл, мөргөлдөөндөө хүрээгүй ч ийм байдалд хүрэх хөрс суурь нь хэдийнэ бидний дунд бүрэлджээ.  Чингис хааны дэлхийн академийнхан гэгчид өөрсдийн парламентаа байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэж төв талбай дээр их хурилдайгаа хийж байсан нь үнэн хэрэг дээрээ Японы Токиогийн метрод хориод жилийн өмнө хорт хий цацаж олон хүний амийг бүрэлгэсэн Аум Шинрикогийн бүлэглэлтэй туйлын төстэй байгууллага байлаа. Даанч бидний хэн нь ч анзаарсангүй. Уриа лоозон, байгууллагын бүтэц, улстөрийн үзэл баримтлал усны дусал мэт адилхан байгаа нь өөрийн эрхгүй сэтгэл сэрдхийлгэм үйл явдал байлаа. Сонгуулийн өмнөхөн монголчуудыг төрийн өөр бүтэцтэй байх ёстой, Хэрэв мартсан бол Чингис хаанаа дахин тодруулж нэгдэж нягтарч гэмээн хөгжинө гэж тунхаглаж байв шүү дээ. Ярьж хэлж байгаа зүйл нь төрийн эсрэг утгатай үгс, уриа. Улс гэрийг хүчирхийлэлд уриалаад байгаа нь тэр П.Давааням гэгчийн ярианаас илт. Дагалдагсад нь ч цөөнгүй.

Өөрийгөө 30 хэл мэддэг гэх Б.Арго бас л иймэрхүү зүйл ярьж одоо олны тархийг угааж яваа. Үнэн худлын хужрыг тунгаагаад өгчих хүн алга. Хэвлэл мэдээллийнхэн харин ч өөгшүүлэх маягтай орой бүр телевизийнхээ эфирийг худалдан, түүнд өгч үзэгчдийн тархийг угаахад тусална.

70 жилийн турш ямар нэгэн шүтлэггүй хоёр ч үеэ өнгөрүүлсэн монголчуудын сэтгэлгээ мухар сүсэгт автах чөлөөтэй талбар болоод байна. Өдөр болгон тохиолддог түгээмэл жишээ гэвэл “Энэ тэр бурхны тарни. Хэрэв үүнийг тэдэн хүнд явуулахгүй бол та зовлонд унана. 10 хүнд явуулбал аз жаргалтай болно” ч гэх шиг мессенжерийн муйхар мессэж. Үүнийг уншмагцаа мөнөөх мухар сүтэгтнүүд “Уучлаарай. Юмыг яаж мэдэх вэ гээд явууллаа” гэх нь ажил хийхэд туйлын бэрх. Ийм мессэж өдөртөө хэдэн арваараа хэнээс ч хамаагүй ирэх нь мухар фанатууд Монголд мөн ч их байгааг гэрчлэх биз ээ. Тиймдээ ч өнөөдөр бөө удган, лам нарынх нь тоо геометр прогрессоор өсч мухар сүсгээр сэтгэлгээг нь хүчирхийлж эхлэжээ. Ямар сайн даа Дорнод, Сүхбаатар, Хөвсгөлийн ганцхан суманд л гэхэд хүн амынх нь тал хувь нь бөө удган болчихсон байх вэ дээ. Сүсэг бишрэл нэгнийх нь бизнес, тархи угаах сонгодог арга хэрэгсэл болж байхад нөгөө хэсэгт нь нүгэл хилэнц, бусармаг явдлаа цайруулах, бусдыг гэсгээн шийтгэх зүйл болон хувирч байна.

90-ээд оны эхэн үеийн биеэсээ гал гаргаж, харь гаригийн хөлөгт сууж Ерөнхийлөгч нь хүртэл өөрийн үзмэрчтэй байсан нь үеэ өнгөрөөж түүнээс илүү нарийн ухаан шаардаж, луйвар дээр тулгуурласан хараалч мэргэч төлөгчдийн бүхэл бүтэн сүлжээ болон өргөсчээ. Тэдний луйварт өртөж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон нь тоймгүй олон. Хүнд өвчин туссан нэгэн залуу бөөд хандаад дахиж хөл дээрээ босохгүй болтлоо хэвтэрт орж эрүүл мэндээрээ хохирсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуу дуугаа авалцан гарах болов. Шинжлэх ухаан, технологийн эрин зуунд монголчууд ийм л мухар сүсэгт автаж шашны фанатууд өсч торних аятайхан зууш болоод байна.

Одоохондоо ч яахав оюун ухаанаа зэрэмдэглүүлж байна. Хожим хойдод зэвсэг бариад л бие биетэйгээ байлд гэвэл тэртэй тэргүй мухар сүсэгт автсан хүмүүс цусаа урсгаад л эхлэх вий дээ.

Хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагдсан Японд хүртэл шашны ийм фанатуудаас бүрдсэн бүхэл бүтэн улсын доторхи террорист улс буй болж байсан юм чинь манайхан тэгэхгүй гэсэн баталгаа алга.

Тиймээс л 1990-д оноос хойшхи хугацаанд алгуурхнаар шашин, шашны мухар сүсэгт фанатууд аажим аажмаар бүрэлдэж байгааг бид анзаарах ч сөхөөгүй явна. Ингэсний уршгаар цөөхөн монголчууд биеэсээ атаатан дайсан мэт аягүй харах болжээ. Шашин хоорондын мөргөлдөөн ч гарах бааз суурь нь хэзээний бүрэлджээ. Одоо яах вэ?!

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж