Израильд өрсөн цохилт өгөхөөр Иран заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Израильд өрсөн цохилт өгөхөөр Иран заналхийлжээ

Тегеран Израилийг дайн эхлүүлнэ гэсэн бүрэн итгэлтай болсон цагт Израильд өрссөн цохилт хийнэ хэмээн Ираны генерал заналхийлж байна. Барууны орнууд Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг авахыг шаардаж байна.

Энэ талаар Ираны элитийн хувьсгалт гвардийн Нисэх хүчний командлагч, бригадын генерал Амир-Али Хажизаде ням гаригт мэдэгдсэн тухай Ираны ИСНА агентлаг мэдээлэв.

“Иран дайн хийх хүсэлгүй. Гэхдээ дайснууд довтлох бэлтгэлээ дуусгаж байна гэсэн итгэл төрвөл урьдчилсан цохилт өгөх болно” гэж генерал хэлээд  Иранд довтлох нь Дэлхийн гуравдугаар дайныг үүсгэх аюултай гэж тайлбарлав. “Сионист дэглэм дайны АНУ-ын дэмжлэггүйгээр эхлэнэ гэж бид бодохгүй байгаа. Тиймээс ч дайн эхэлсэн тохиолдолд бид хоюулантай нь байлдана. Америкийн баазуудтай бид сөргөлдөөнд орно гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээн Амир-Али Хаджизаде онцлон хэллээ.

Үүнээс өмнө Ираны хувьсгалын манаа корпусын ерөнхий командлагч генерал Мохаммед-Али Жафари улс оронд нь довтловол ямар үр дагавартайг Израильд сануулсан. “Иран Израильд өгөх хариу цохилт өгсөн тохиолдолд Израилийн ямар ч район аюулгүй байж чадахгүй, тэр улсаас юу ч үлдэхгүй” хэмээн тэрээр заналхийлсэн юм. Бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад довтлохоос гадна дэлхийн нефтийн 40 хувь нь дамждаг стратегийн чухал Ормузын хоолойг хаах болно гэж генерал амлажээ.

Reuters агентлаг сануулснаар, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху еврейн улс Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхөд бэлэн гэж нэг биш удаа үг хаяж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг цөмийн зэвсэгтэй болохоос нь татгалзуулахын тулд Иранд эдийн засгийн болон дипломатын хориг арга хэмжээ авахыг илүүд үзэж байна гэж шүүмжилсэн билээ. Харин Иран цөмийн хөтөлбөрөө  энх тайвны зориулалттай гэдэг юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Пан Ги Мун есдүгээр са­рын 23-нд Ираны ерөнхийлөгч Мах­муд Ахмадинежадтай уулзахдаа Теге­раныг түрэмгий мэдэгдэл хий­хээс болгоомжлуулжээ. “Ерөнхий нарийн бичгийн дарга түрэмгий мэдэг­дэл хийх нь Ойрхи Дорнодын янз бүрийн улс орны зүгээс хариу мэдэгдэл заналхийлэл гаргах аюулыг бий болгоно гэдгийг сануулсан” гэж Пан Ги Муны хэвлэлийн албанаас дамжуулжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ “Ираны цөмийн хөтөлбөр нь энхийн зориулттай гэсэн итгэлийг дэлхийн хамтын нийгэмлэгт  төрүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах ёстой” гэсэн Иранд хандсан уриалга багтаажээ.

Энэ үед Герман, Франц ба Их Британи Европын холбооноос Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг шаардав. Гурван улсын Гадаад хэргийн сайд нар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Кэтрин Эштонд зохих захидлыг өнгөрсөн долоо хоногт бичсэн тухай  нэрээ нууцалсан европ дипломатч AFP агентлагт мэдээлжээ. Түүний яриагаар шинэ арга хэмжээг боловсруулж байгаа бөгөөд аравдугаар сарын 15-нд Брюссель хотноо болох ЕХ-ны 27 гишүүн орны Гадаад хэргийн тэргүүн нар авч хэлэлцэх гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж