“Ноёноо сольсон” нэг жилд юу өөрчлөгдөв?

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Ноёноо сольсон” нэг жилд юу өөрчлөгдөв?

Жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-нд “Нэгдмэл Орос нам”-йн их хурал дээр тэр үед ерөнхий сайд байсан Владимир Путин, ерөнхийлөгч Дмитрий Медведев нар суудлаа солих болсноо зарласан билээ. Эцэст нь тэднийхээр асуудал шийдэгдсэн. Тэгвэл энэ нэг жилийн хугацаанд улс орон, нийгэмд ямар өөрчлөлт гарав? Энэ асуултыг Германы DW-гийн сурвалжлагч “Нэгдмэл Орос нам”-ын дээд зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Дмитрий Орлов, Төрийн думын экс-депутат, “Шударга Орос нам”-ын гишүүн Геннадий Гудков, улстөр судлаач,  “Панорама” мэдээлэл, судалгааны төвийн удирдагч Владимир Прибыловский нарт тавьж хариу авчээ.

DW: Владимир Путин ерөнхий­лөгчийн суудалд эргэн ирсэн нь улс орны хувьд юу өгүүлж байна вэ?

Дмитрий Ор­лов:
Путины эргэн ирэлт нь 1999 онд эхэлсэн чиглэл хангалтай урт хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Путины бодлогод түшиг болж байсан олонх өмнөхийн адил Путиныг түшиж тулж ирнэ гэсэн үг юм.

Геннадий Гуд­ков:
Үнэн хэрэгтээ бол Путин эргэн ирээгүй, учир нь тэр хаашаа ч яваагүй. Хэрэв ямар нэгэн шинэ зүйл байгаа бол тэр нь эрэг чангалсан, улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл болж, сөрөг хүчинтэй харилцах харилцааг чангатгасан хэрэг юм.

Владимир Прибыловский:
Улсын хувьд алдагдсан жил. Улс төрийн ертөнцөд тэрээр ерөнхий сайд байхдаа ч нэгдүгээр хүн нь байсан. Иймээс Путин ерөнхийлөгчийн тушаалд эргэн ирсэн нь улс орны удирдлага гар ажиллагаанд шилжиж байна гэсэн үг. Медведевийг ерөнхийлөгч байхад Путин ерөнхийдөө амарч байв. Иргэний нийгмийн хувьдэсэргүүцлийн хөдөлгөөн сэргэсэн жил болж байна.

-Путины эргэн ирэлт нь тогтвортой байдлын уриан дор хийгдсэн. Орост эсэргүүцлийн арга хэмжээ дэгдэж байгаа ч тогтвортой байдал тогтлоо гэж болох уу?


Дмитрий Орлов:
2011 оны арванхоёрдугаар сард үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь есдүгээр сарын 15-ны арга хэмжээгээр аваад үзвэл уналтад оржээ. Тэр нь үндэсний хэмжээний тогтвортой байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тиймээс улс орны байдал ойрын ирээдүйдээ өмнө ямар байсан тийм л хэвээр үлдэнэ.

Геннадий Гудков:
Хэрэв оршуулгын газрын тогтвортой байдал шигээр хэлэх юм бол их зүйлийг хийх ёстой. Путин засагт ирж буй нь олон нийтийн эсэргүүцэл дагуулж, олон жилийн дотор анх удаагаа цагдаагийнхантай мөргөлдөөнд хүргэж, эдийн засгийн уналтыг эхлүүлж байгаа болохоор юун тогтвортой байдлын талаар ярих болж байна вэ? Тогтвортой байдал гэж огт алга.

Владимир Прибыловский: Оросын тогтвортой байдал гэдэг нь улс төр талаасаа өмнө нь хиймэл л байсан. Нэг ч сонгуулиар нь, 2000 оныхоор нь ч Путины дэмжлэг 60 хувь хүрээгүй. Харин Оросын эдийн засгийн тогтвортой байдал нь эрчим хүчний эх үүсвэрийн үнээс бүрэн хамаардаг.

-Путины ерөнхийлөгчийн гурав дахь бүрэн эрхийн хугацааны тухай мэдээг баруунд нэлээд шүүмжлэлтэйгээр хүлээн авсан. Өнгөрсөн жилийн дотор Орос болон ерөнхийлөгчийн нэр хүндийг олон улсын тавцанд сэргээж чадсан уу?


Дмитрий Орлов:
Баруун дахь Оросын үндсэн түншүүд Путины нэрийг дэвшүүлсэн, мөн иргэдийн гуравдугаар сард санал өгсөн шалтгааныг ойлгож хүлээн авсан гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн суудалд Путин эргэн ирснийг дургүйцэнгүй хүлээн авдаг хүмүүс байгаа ч удалгүй чиг хандлага сайжрах талдаа орно гэж би бодож байна.

Геннадий Гудков:
Миний бодлоор, байдал муудсан. Дэлхий даяар Pussy Riot ба таны хүлцэнгүй зарцтай (Гудковын Төрийн думын депутатын мандатыг хураасныг хэлж буй.-Ред.) дуулианыг өргө­нөөр авч хэлэлцэж байна. Харам­салтай нь, Владимир Путин, өнөө­дөр Оросын талаар тогтсон олон улсын сөрөг имижийг ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байна.

Владимир Прибыловский:
Олон нийтийн санал бодлын талаар ярина гэвэл миний харж байгаагаар барууны орнууд Кремль, Путинд хэт сөргөөр хандаж байна. Харин улс төрийн элитүүдийн хувьд, тэд прагматикууд учир нь тэдэнд нефть, байгалийн хий хэрэгтэй. Гэхдээ барууны улстөрчдөд олон нийтийн санаа бодол бас чухал. Тиймээс Кремлийн ёс болгон буруутгах нь зүйн хэрэг юм. Тэр нь Путины үйл ажиллагаанаас хамаарахгүй. Харин гадаад орнуудын олон нийтийн санаа бодлоос хамаатай.

-Ерөнхийлөгчийн тушаалд эргэн ирснийхээ дараа Путины гаргасан шийдвэрээс ямрыг нь та хамгийн амжилттай гэж бодож байгаа вэ?

Дмитрий Орлов: Миний бодлоор хамгийн аз гийсэн үйлдэл нь  ерөнхийлөгчид нэр дэвшсэн Путины стратегийн сонголт. Тэр нь түүнд сонгуулийн амжилт авчирсан.

Геннадий Гудков:
Путины хамгийн том аз нь ямар ч гэсэн хийлгээд амжсан АРЕС-ийн  саммит гэж би бодож байна.

Владимир Прибыловский:
Путины өөрийнх нь хувьд хам­гийн амжилттай үйлдэл нь ерөнхийлөгчийн сонгууль, тэр үүнийгээ хийж чадлаа. Харин улс орны хувьд… Путин ба өнөөгийн засаглал улс орны хувьд ямар нэгэн зүйл хийж байна гэж хэлж чадахгүй.



-Сүүлийн жилийн дотор Пу­тины ямар шийдвэрийг хамгийн тааруу гэж та нар үзнэ вэ?


Дмитрий Орлов:
Путины алдаа юу… Би энэ талаар ярихгүй ээ.

Геннадий Гудков:
Зөвхөн засаглалаа барихад чиглэсэн Путины бүх бодлогыг буруу гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний бодол биш. Ер нь ийм засаглал улс орныг урагшлуулах нь юу л бол.

Владимир Прибыловский:
Би ямар нэгэн үйлдлийг онцолмооргүй байна. Юуны өмнө үр дагаврыг нь иргэд одоогоор мэдэрч үнэлээгүй бай­гаа. Тэтгэврийн шинэчлэлтэй хол­боотой шийдвэрүүд хэлэгдэх байх.

-Та нар, сөрөг хүчин ба иргэний нийгэмд хандаж байгаа Путины бодлогыг хэрхэн үнэлж байна вэ? Тэр цаашид хэрхэн хувирах бол?

Дмитрий Орлов: Эрх баригч­дын сонгосон тактик амжилттай болж таарлаа. Эсэргүүцлийг хэт давруулахгүй байх хуулийн төслүүдийг баталсан арга хэмжээ авсныг би “тогтворжуулах пакт” гэж дотроо нэрлээд байгаа. Эдгээр арга хэмжээ нь хүсч байсан үр дүнг нь өгөв. Одоо сөрөг хүчний хувьд улс орны улс төрийн амьдралд оролцох хангалттай хэмжээний чөлөөтэй орон зай гарч ирэв. Тун удалгүй нэг мандаттай тойргуудаар сонгууль эргэн ирж магадгүй. Ямар ч байсан энэ талаар яригдаж байна. Энэ бодлого үргэлжлэх болно гэж би бодож байна.

Геннадий Гудков:
Ирээдүйг хэлэхэд маш хүнд байна. Гэхдээ урт хугацааны төлвөөр энэ систем унана гэж надад харагдаж байна. Цаг хугацааны л асуудал.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж