Идлэг шонхорын үүр байршуулсан сум, орон нутгийн дунд сургуулийн хүүхдүүд гадаадын сургуулийн сурагчидтай холбоо тогтоож, өөрсдийн соёл, түүхийн талаар санал бодлоо солилцох юм байна. Үүний хариуд гадаадын дунд сургуулийн сурагчид Монголын сургуулиудад хандив цуглуулах аж. Идлэг шонхорын тоо толгойг өсгөх аргаар дамжуулан олон орны дунд сургуулиудыг холбох давхар зорилготой энэхүү хөтөлбөр нь шонхорын үүр барих төслийн хамгийн сүүлийнх нь ажээ. Анх 2009 онд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотын Байгаль орчны агентлагийн санхүүжилтээр идлэг шонхорын тоо толгойг өсгөхөөр уг хөтөлбөрийг санаачилсан юм байна. Монгол Улс идлэг шонхорын наймааг хүлээн зөвшөөрдөг болохоор арабууд ийнхүү Монголын шонхорт санаа тавьж байгаа бололтой.
Идлэг шонхорт үүр барих хөтөлбөрийн менежер, Их Британид төвтэй “International Wildlife Consultants”-ын зөвлөх Никола Диксон гэгч уг хөтөлбөрийнхөө хүрээнд энэ онд Төв аймгийн Баян сумын дунд сургуулийг Уэльсийн Кардифф дахь сургуультай холбоо тогтооход тусалж, судалгаа явуулсан байна. Харин Кардиффийн ахлах сургуулийн сурагчид Баян сумын дунд сургуульд интернэт тавихад шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг шийдэж өгсөн тухай мэдээлэл байна. Дээрхтэй адил Их Британи болон АНУ-ын зургаан сургууль Монголын дунд сургуультай холбоо тогтоох сонирхолтой байгаа аж. Ямартай ч Монголд идлэг шонхорын үүр барих хөтөлбөрийн хүрээнд нийт 20 сумын дунд сургуулийг гадаадын сургуулиудтай холбох бололтой.