
Суперкапитализм хөгжүүлж буй хэмээн АНУ-ын нэртэй эрдэмтнээр үнэлүүлж, тэр тухай ном нь хамгийн их эрэлт борлуулалттай болоод буй Хятад дэлхийн их гүрний хувьд угаасаа нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Хятад улс өдгөө эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаас арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан юм. Хуучин цагт социалист системтэй орнууд тав, таван жилээр нийгэм, эдийн засгаа төлөвлөн хөгжүүлж байсныг БНХАУ өдгөө ч хэрэгжүүлж байгаа юм.
Улс орон тогтвортой хөгжлийн шатанд орж буй нь энэ таван жилийн онцлог гэдгийг удахгүй халаагаа өгөх гэж буй Хятадын удирдагчид онцолж байна. Хэдийгээр ирэх аравдугаар сарын сүүл хавьцаа Хятадын өнөөгийн удирдагчид солигдох боловч шинэ удирдлага таван жилийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
Сүүлийн хэдэн жилд Хятадын ДНБ жил бүр дунджаар арав илүү хувиар нэмэгдэж, ДНБ-ий нийт үзүүлэлтээрээ Японыг гүйцэж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ороод байсан юм. Хэдий тийм ч нэг тэрбум гурван зуун сая илүү хүн амтай өмнөд хөршийн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг тооцож үзвэл дэлхийд 100 гаруй орны дараа ордог. Тэрбумтан баячуудын тоо нь нэмэгдсээр буй Хятадад хамгийн наагуур бодоход 23 орчим сая ядуус байгаа нь Шанхай хотын хүн амын тоотой тэнцэж байна.
Сүүлийн үед Хятадад нийгмийнхээ дундаж давхрагыг тэлэх зорилтыг Хятадын Засгийн газраас тавьж хэтэрхий өндөр өсөлттэй эдийн засгийнхаа “хөөс”-ийг үлээж бодит төвшинд нь хүргэн сааруулахаар болсон юм. Хятад эдийн засгийн өсөлт өөрөө дэлхийд хоёрт орсон ч тариан талбайд зүтгэх Жан, хоёр нарны хооронд барилгын шавар зуурах Ли, хоолон гэрт хөлсөө асгаруулан чармайх Ван овогтын амьдрал төдий л өөдөлсөнгүй гэсэн үг. Ингээд Хятадын удирдагчид дундаж давхрагаа тэлж байж улс орны хөгжил жинхэнэ утгаараа жигдэрнэ гэж үзэн энэ жилээс эдийн засгаа сааруулан луугийн хүчийг түр амсхийлгээд байна.
Хятадын Засгийн газар дунд давхрагын хүн амаа дэмжих чиглэлээр анх удаа “Хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим барихаар болжээ. Эдийн засгийн хөгжлийн гайхамшигтай өндөр үзүүлэлтүүд удаан дэлбэрдэг бөмбөг тавьсан мэт үйлчилж, баян, ядуугийн заагийг эрчимтэй нэмж, хүмүүсийн орлогын ялгаа ,бүс нутгуудын хөгжлийн төвшин хэт зөрүүтэй болсон, эдийн засаг экспортод хэт чиглэсэн нь Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эсрэг тал боллоо хэмээн Хятадын удирдлага дүгнээд буй.
Үүний нэг сөрөг тал нь Хятадад бараа, үйлчилгээний үнэ багагүй өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жил 7,2 орчим хувиар нэмэгдсэн мэдээлэл байна. Өргөн хэрэглээний хэд хэдэн барааны үнэ, тэр дундаа улаанбуудайн үнэ 11,8 хувь, жимс 15,6 хувь, хүнсний ногоо бараг 19 хувиар өссөн гэсэн дүн ч харагддаг. Үнэхээр Хятадын томоохон хотуудын дэлгүүр, захын барааны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмүү болсон гэдгийг урдаас бараа зөөдөг монгол наймаачид баталдаг. Иймээс Хятад улс эдийн засгийн өсөлтөө сааруулан бодит хөрсөн дээр нь буулгаж, гол нь иргэдийнхээ амьжиргааг дээш татах зорилт тавьж эхэлжээ.
Хятадын эдийн засгийн хэт өсөлтийн сүүдэртэй тал яг одоо Монголын эдийн засагт үйлчилж эхэлсэн нь ч харагддаг. Монголын эдийн засгийн өсөлтийн хурдац түргэсч, 17 хувьд хүрэн Хятадыг бараг гүйцэж түрүүлээд ганцхан жилийн дотор ядуурал 10 хувиар буурсан хэмээн хуучин Засгийн газрын үед мэдэгдэж байсан ч бодит байдал дээр бидний мэдэх Бат, Доржийн амьдрал хэдэн жилийн өмнөх яг тэр буурин дээрээ байгаа нь үнэхээр Хятадынх шиг хөөсөн эдийн засаг Монголд ч нүүрлэсэн гэлтэй. Өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаас 2012 оны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилтуудыг дэвшүүлсэн юм. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7,5 хувьд хүргэхээр болжээ. Хот сууринд есөн сая гаруй ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн хэмжээг 4,6 хувьд барихаар болжээ. Импорт, экспортын нэмэгдэх хэмжээг 10 хувиар төсөөлөөд байна. АНУ, Япон зэрэг орны зүгээс Хятадын юанийн ханшийг чангаруулах шаардлага тавьдаг ч өмнөд хөршийнхөн өөрийнхөө хөгжлийн тактикт таацуулан хэдий хэр хэмжээнд мөнгөний ханшаа барихыг зохицуулж буй.
Хотууд өнгө төрхөө жил жилээр засч, өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэн зах зээл нь бараа таваараар хахаж байгаа ч суперкапитализмын сүүдэр дор Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл улам нэмэгдэж, эдийн засгийн хурд улам бүр буурах хандлага ажиглагдаж эхэлжээ . Иймээс улс орноо урагшлуулахын тулд хэт цойлсон бус тогтвортой хөгжил хэрэгтэй. Баялгийн хуваарилалт тэгш бус, авлига, хээл хахуультай тэмцэж буй ч үр дүн тааруу, нийгмийн хамгааллын тогтолцоо хангалтгүй байгааг өөрчлөхөөр зорилт дэвшүүлээд байна. Хятадын батлан хамгаалахын зардлыг гадаад ертөнц ихэд анхаарсаар ирсэн юм. Тэгвэл 2012 онд Хятад улс батлан хамгаалахын зардлын төсвөө 670 тэрбум 274 сая юань байхаар төлөвлөсөн нь өнгөрсөн 2011 оныхоос 11,2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аливааг нарийвчлан төлөвлөдөг хятадууд луугийн хүчийг амсхийлгэх зуураа хэн хүний санаанд оромгүйг ч нягтлан ажиглаж ажил хэрэг болгож байна. Суперкапиталист Хятадын хот төлөвлөлт хийгээд улс орны хөгжилд нарны тусгал, сүүдрийн урт богино ч нэн хамаатай ажээ. Газар нутгаа хязгааргүй тэлэхгүйн тулд аль болох өндөр барилга барьж байна. Гэхдээ өндөр барилгуудыг утга учиргүй шамбааруулан барьсан зүйл энд огт алга. Бээжин хотод барилга хоорондын зай арай бага, Шанхайд илүү чөлөөтэй байдаг нь жирийн хэрэг биш аж. Бээжин газар зүйн хувьд хойд хэсэгт байрших тул сүүдэр богино, Шанхай өмнө этгээдэд байх тул сүүдэр урт байдаг нь үүнд нөлөөлжээ. Наад зах нь нэг барилга нөгөө барилгын цонхыг халхлахгүй, оршин суугчид тодорхой хугацаанд өдрийн нарыг заавал үзэж байх ёстой гэсэн хатуу стандарт мөрддөг байна.
Тун удахгүй ХКН их хурлаа хийж төр, засгийн өнөөгийн удирдлага шинэ үеийнхэнд халаагаа өгнө. Есөн жилийн турш Хятадыг жолоодсон Ху Жинтаогийн үеийнхэн Ши Жинпин тэргүүтэй дараа үеийнхэнд буухиагаа дамжуулах төлөвтэй байна. Шинэ үеийнхэн суперкапитализмыг хэрхэн залж, луугийн хүчийг хааш нь эргүүлж, эдийн засгийн өсөлтөө хэрхэхийг харах үлдлээ.