Монгол охин K-Pop ертөнцөд хөл тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Монгол охин K-Pop ертөнцөд хөл тавилаа

K-Pop хөгжмийн урсгалыг монголчууд хэдийнэ мэддэг, мэдэрдэг болсон. 1990-ээд оны эхэн үеэс эхтэй энэ урсгалд Өмнөд Солонгосын электро, дэнс, электропоп, хип хоп, R&B хөгжим бүхэлдээ хамаарагддаг. Өсвөр насныхны дунд өдгөө бүхэл бүтэн стиль, хэв маяг, соёлын хэмжээнд хүртлээ өргөжсөн K-Pop-ын хамгийн сүүлийн бөгөөд амьд жишээ нь PSY. “Gangnam Style” гэх өвөрмөц, шог ч гэмээр дуугаараа дэлхийн 33 орны хитүүдийн жагсаалтыг тэргүүлж, Youtube сайтад хамгийн “Like” цуглуулсан амжилтаар Гиннесийн рекорд амжилтыг эвдсэн нь бас л сонин тохиол. Тэгвэл, монгол охин K-Pop ертөнцөд хөл тавьж, охидын шинэ хамтлагийн гишүүн болсон гэх мэдээ чих дэлсэх боллоо. Тодруулбал, БНСУ-д томоохонд тооцогдох “BIG STAR ENTERTAINMENT” продакшны “бүтээл” “BBde Girl” хэмээх охидын хамтлагт Лхамжав /Lee Lyulin/ гэх монгол охин дуулж байна.

Монголд төрж өссөн Lee Lyulin охины тухай Өмнөд Солонгосын сайтад “Lyulin-ий ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байсан. Бага эгч нь загвар өмсөгч, том эгч нь Монголын волейболын шигшээ багийн тамирчин, нагац ах нь Монголын хошин урлагийн алдартай жүжигчин” хэмээн бичжээ.

Есдүгээр сарын 20-нд “Fooling Around” нэртэй анхны синглиэ цацаж, урлагийн ертөнцөд бүл нэмэн мэндэлсэн “BBde Girl” охидын хамтлаг зургаан гишүүнтэй. Тэднийг Nana, Son Nana, Christine, E-sea, Li-v болон Lyulin гэдэг. Хамтлагийн Facebook хуудсанд явуулсан “Хамтлагийн гишүүдээс хэн нь хамгийн их таалагдаж байна вэ” гэсэн санал асуулгаар Lyulin охин хамгийн их санал авчээ. Тэрбээр Өмнөд Солонгосын фенүүдийнхээ дунд “Монгол гүнж” гэх нэртэй болоод байгаа гэнэ.

Тус хамтлагийн анхны дууг ЭНД дарж сонсоно уу.
"BBde Girl" хамтлагийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж