Б.Наранбаатар спортын салбараа удирдах боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар спортын салбараа удирдах боллоо

Лондонгийн олимпиос хойш түр “амраад” байсан спортын салбарт Засгийн газраас зарим шинэчлэлийг хийж эхэллээ.

Өмнө нь Эрүүл мэндийн яаманд харьяалагддаг байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ыг татан буулгаснаар энэ газар одоо Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэртэй болоод байгаа юм. Тус газрын даргаар Оюутны спортын холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан томилогдсон бол салбарын сайд өнгөрсөн даваа гаригт Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалагдах “Спортын бэлтгэлийн төв”-ийн удирдлагыг томилох тушаал гаргажээ. Захиргаа, санхүү, Биеийн тамир, спорт, Анагаах ухаан, Үндэсний шигшээ баг гээд зургаан албыг нэгтгэн удирдах шинэ даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар томилогдож, өчигдөр ажлаа хүлээж авлаа.

Б.Наранбаатар бол Монголын нүүр царай болсон шилдэг тамирчдын нэг. Лондонгийн олимпийн наадамд оролцож ирснийхээ дараа зодог тайлах шийдвэр гаргаад байсан түүнийг салбарын сайд нь спортын их гэр бүлээ удирдаж, хөгжүүлэх том итгэл хүлээлгэв. Б.Наранбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага, “Тамирчдын зөвлөл” зэргийг үүсгэн байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон бодит ажил хийж ирснээрээ удирдах ажилд шинэдэх хүн биш юм. Тэрбээр МУБИС-ийг 2003 онд чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2009 онд МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Спортын амьдралыг өөрийн биеэрээ туулсан, мэдлэг боловсролтой залуу хүнд итгэл хүлээлгэснийг БТСГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатар онцлоод, өөрийн амидаа Б.Наранбаатартаа өчигдөр хадаг, сүү дээжлэн, шинэ ажлыг нь хүлээлцлээ. Магадгүй залуу хүн спортын байгууллагыг удирдаж байгаа анхны тохиолдол энэ биз ээ.

Шинээр байгуулагдаж буй Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын бүтэц эцсийн байдлаар тодроогүй байгаа ч одоо яригдаж буй төслөөр бол Захиргаа, санхүүгийн алба, Спортын төв ордны алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм, шинжилгээ, судалгааны алба гэсэн зургаан албатай, тэдгээрт нийт 66 албан хаагч ажиллах төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж