-Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу билээ, ямар бэлтгэл хийж байна вэ? Чуулган завсарласан хугацаанд өөрөө ямар ажил амжуулж байна?
-Булган, Орхон аймгийн хадлан тэжээл, ургац хураалт, буцах замдаа Хөтөлийн цемент, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр орж, хоёр хоног томилолтоор яваад ирсэн. Өөр томилолт байхгүй. Нэг ажлын хэсгийг УИХ-аас гаргасан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлаад ажиллаж байгаа. Барилгын үйлдвэрлэл гурван ч хүний аминд хүрлээ шүү дээ. Хууль нь болохгүй байна уу, эсвэл хуулиа биелүүлэхгүй байна уу, цаашид яавал хүний амь эрсдэхгүй байх вэ гэдгийг судлуулахаар аравдугаар сарын 5 хүртэл үүрэг өгөөд 6-7 гишүүн ажиллаж байгаа. Томилолтоор өөр тийшээ явахгүй гэсэн гишүүд ажлын хэсэгт орсон. Ээлжит бус болон ээлжит чуулганы хооронд ердөө аравхан хоногийн зай бий. Энэ богино хугацаанд их олон гишүүн томилолт авч тойрог руугаа явж байна.
-Ээлжит бус чуулганы хугацаанд ирц хүрэхгүй байдал үүсч байсан шүү дээ. Томилолтыг яаж хязгаарласан юм, нэг удаад хэдэн гишүүн нэгэн зэрэг томилолттой байж болох гэхчилэнгээр. Гадаад, дотоод ялгаагүй?
-Ер нь бол чуулгантай хугацаанд гадаад томилолт байхгүй, дотоод томилолт ч байхгүй. Чуулган хуралдаагүй үед бол тойрогтоо ажиллах нь чөлөөтэй байгаа.
-Чуулган хуралдах өдөр нь ажлын тав хоногийн хоёр нь л байгаа шүү дээ?
-Чуулгангүй үе гэдэг нь цагаан сараас дөрөвдүгээр сарын 5, наадмаас аравдугаар сарын 1 хүртэл.
-Гишүүд энэ хязгаарыг барьж чадаж байгаа юу?
-Томилолт өгөхгүй бол явахгүй л дээ. Ажил таслаад өөрийнхөө мөнгөөр явж болно.
-Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа вэ?
-Хэлэлцэх асуудлыг баталсан, тэр хуваариар явна. Намрын чуулганаар төлөвлөсөн төлөвлөөгүй хэлэлцдэг улсын төсөв, үндсэн чиглэл, төсвийн гүйцэтгэл зэрэг жижүүрийн асуудлууд дээр нэмээд хэд хэдэн асуудал байгаа. Улсын төсвийн хэлэлцүүлэг гэхэд бүхэл бүтэн хоёр сарыг авдаг шүү дээ. Арван сар, арван нэгдүгээр сарыг бүтэн.
-Өмнө нь олон жил ужиг болон яригдаж байсан асуудлуудаас аль нь явж байгаа вэ? Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны нэгжийн хуваарьт оруулах өөрчлөлт ч юм уу? Урьд нь танай нам цөөнх байхдаа оруулж ирж байсан, бас нь нийгмийн зүгээс нэлээд дэмжлэг аваад байсан асуудлуудын цөмөөс?
-Бас нэг ажлын хэсэг гаргасан юм байна. Завсарлагын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын өөрийнх нь хуультай холбогдсон хэд хэдэн хууль өргөн баригдсан байгаа. Ардын намынхны өөрийнх нь сонирхоод байгаа бүлэгтэй болох тухай хууль, Ардчилсан намынхны сонирхоод байгаа завсарлагыг хязгаартай болгох, ажлын таван өдөрт оруулах, зөвхөн тухайлсан асуудлаар завсарлага авдаг болох тухай гэх мэтчилэн асуудлуудаар С.Баярцогт гишүүнээр ахлуулаад МАН-аас хоёр Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог ороод ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Завсарлагааны тухай хууль чинь явах болов уу?
-УИХ дахь намууд хэр тохиролцохоос л болох болов уу. Ер нь бол намын бүлгүүд болон МАН-аас сонгогдсон гишүүдэд бололцоо олгож байгаа. Бүлэгтэй болох асуудал өөрөө том биш ээ. Том асуудлын ердөө жижиг хэсэг нь. Бусад улсын туршлага ч байна. Тухайлбал, Германы парламент шинээр бүрдэх болгондоо Дэгийн тухай хуулиа өөрчлөх үү гэдэг санал хураалт явуулаад олонхи нь “өөрчилье” гэвэл шинэ хууль гаргадаг. Тухайн дөрвөн жилд тохирсон хууль гэсэн үг. Гэтэл бид нэг хуулиар олонхитой парламент, олонхигүй парламентыг яг адилхан зохицуулах гэж оролдож байна. Яах вэ, хуулин дотор нь олонхитой бол тэгнэ, олонхигүй бол ингэнэ гэсэн гарц байгаа л даа. Германых шиг систем рүү орсон ч буруудах юм байхгүй, сонгогдсон парламент болгон өөр өөр онцлогтой байгаа. 2012 оны парламент гэхэд олонхигүй бөгөөд урьд өмнө парламентад байгаагүй нэг бүлэг шинээр гарч ирсэн байх жишээтэй. Түүнтэй холбогдуулаад зохих өөрчлөлтүүдийг хийж байх нь зөв юмаа гэж харж байна.
Тэгэхээр Дэгийн тухай хууль бол зөвхөн нэг 24 цагийг өөрчлөх, эсвэл “ахмад гишүүн” гэдэг үгийг өөрчлөхөөсөө гадна өөрчлөх гээд байгаа гол концепц нь байх ёстой. Парламент дөнгөж байгуулагдаад “хуучин Дэгийн хуулиараа явах нь зөв” гэвэл тэр хуулиараа явж болдог. Болохгүй нь ээ, энэ удаагийн парламент ийм онцлогтой байна аа, энэ өөрчлөлтийг ингэж тусгая гэвэл хуулиа шинээр баталдаг, түүний дараа бусад томилгоонуудаа хийдэг байж болно. Хөгжсөн улсууд бодоод олчихсон байна л даа. Манай парламент хуучин дандаа олонхитой явж ирсэн учраас хүмүүс анзаардаггүй байж. Олонхигүй болсон 2004 оны УИХ-д хоёр том нам нь хамтарч байсан учраас болж байсан байх. Олонхигүй болчихсон 2012 оны парламентад нэг том, нэг жижиг нам нь хамтарчихсан учраас хуулиар зохицуулагдаагүй зүйл үлдээд байна. Ийм зорилгоор хоёр дахь ажлын хэсгийг байгуулсан.
-Бүлэг байгуулах асуудлыг нь та яагаад ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээгүй юм, тэр хооронд парламент нэлээд олон томилгоонуудыг хийчихлээ шүү дээ?
-Угаасаа ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй юм.
-Өөрсдөө хуулийн төслөө хугацаанд нь өргөн барьж хэлэлцэх асуудалд тусгуулаагүй учраас уу?
-Өргөн барилаа ч гэсэн хэлэлцэх боломжгүй л байсан байхгүй юу. Хэлэлцэх асуудалд орно орохгүй гэдэг бол хэлбэрийн л асуудал шүү дээ. УИХ-ын гишүүдийн олонхи нь “наад асуудлыг чинь хэлэлцэхгүй ээ” гээд кноп дарчихвал энэ асуудал чинь хаагдчих гээд байгаа юм. Тэр зөвшилцлөө хийгээгүй байсан учраас оруулаагүй. УИХ-д өргөн баригдаад дөрвөн жил хэлэлцэгдэлгүй явж байгаа хуулийн төслүүд байна шүү дээ, найман жил болж байгаа нь ч бий. Нөхцөл нь бүрдэхгүй бол тэр хуулиуд угаасаа гарахгүй л дээ.
-Завсарлагааны тухай, бүлэг байгуулах тухай хуулиудын аль нь түрүүлж батлагдах бол?
-Нэг хууль болгож, нэгтгэж хэлэлцэх учраас батлагдвал хоёулаа батлагдана. Батлагдахгүй бол хоёулаа одоо байгаа хэвээрээ л үлдэнэ. Гэхдээ түрүүний миний хэлсэн хуулийн концепци нь өөрөө чухал байна шүү дээ. Парламент дөнгөж байгуулагдаад хуучин хуулиараа явна гэвэл санал хурааж шийднэ, үгүй гэвэл шинэ хуулиа батлаад явна. Тэр нь тухайн дөрвөн зүйлийнхээ онцлогийг тусгасан байна. Мэдээж чуулган хуралдах, байнгын хороо хуралдах, хуулийн хэлэлцүүлгийн дэс дараалал үндсэн заалтууд бол өөрчлөгдөхгүй. Зохион байгуулалттай холбоотой, завсарлагаатай холбоотой, томилгоонуудтай холбоотой хэсэг нь бол өөрчлөгдөж таарна.
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хийх ажлын тухай их ярилаа. Бүтцээ өөрчилж, төсөвтөө тодотгол хийлээ, мөрийн хөтөлбөрөө батлууллаа. Гэвч энэ дөрвөн жилд парламентын түвшинд ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэх бол оо? Өмнө яригдаж байсан болон одоо нийгэмд хүлээгдэж байгаа том том асуудлуудаас урагш алхах зүйл байна уу?
-Парламентын гаргаж байгаа хуулиуд нь өөрөө таны ярьж байгаа ажлуудыг хийх үндэс болдог. УИХ дахь олонхи нь Засгийн газраа байгуулдаг, олонхиор байгуулсан Засгийн газар нь төлөвлөсөн ажлаа л хийнэ. Парламент өөрөө Засгийн газар шиг “тэдэн сургууль цэцэрлэг барина” гээд яриад явахаасаа илүү тэрийг нь хийх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Хуулийг нь баталж, төсвийг нь бүрдүүлж өгдөг, хяналтаа тавьдаг. Түүнээс биш бид реформ хийж байна гээд долоо хоногт нэг удаа болдог хуралдааныхаа өдрийг өөрчилдөг шиг нэгдсэн чуулганаа долоо хоногт нэг болгодог зүйл хийгдэхгүй л дээ. Олон жил яваад туршигдчихсан, ажиллаж байгаа механизм байдгаараа л байна. Харин “парламент дээр энэ нь болохгүй байна, ажиллаж байгаа нөхцөлдөө тохируулаад өөрчилье” гэвэл өөрчилнө л дөө.
-Тухайлбал?
-Сая батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор хавсралт болгож нэг тогтоол баталсан. Засгийн газрын газрын мөрийн хөтөлбөр дотор байх шаардлагагүй гэж үзсэн, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой тал хуудас зүйл бий. Эрх зүйн шинэчлэлийн эхний хэсгийг хийгээд дууссан, одоо хоёр дахийг нь заавал хийх ёстой. Эрүүгийн хууль, процессийн хуулиуд, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэт том том хуулиудын шинэчилсэн найруулгууд орж ирэх байх.
-Өмнө нь УИХ, Засгийн газар хоёр тус тусад нь байлгах, ядахдаа УИХ-ын гишүүн сайдын ажил хавсарч хийдгийг 1/3-ээр хязгаарлах, парламентын хяналтын үүргийг чангатгах гэх мэтчилэн олон зүйл энэ дөрвөн жилд дахиад хойш хаягдчихлаа. Бурууг нь мэдээж сонгуулийн үр дүнд өгч байгаа, Ардчилсан нам олонхи болж чадаагүй учраас гэж. Ийм тохиолдолд УИХ Засгийн газраа хянаж байгаа гэдгийг өөр ямар байдлаар итгэж үнэмшүүлэх юм бэ, өнгөрсөн дөрвөн жил бүр байхгүй болсон зүйл шүү дээ?
-УИХ-ын Тамгын газар, түүний бүтцийн талаар эргэж харах зүйл байгаа. Байнгын хороодыг бэхжүүлэх замаар байнгын хороод болгон өөрийнхөө харгалзсан Засгийн газрын яам агентлагт илүү үр дүнтэй хяналт тавьж чаддаг болох ёстой. Одоо бол байнгын хороо хүнтэй ч юм шиг, хүнгүй ч юм шиг, ажиллаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, хурал хийхээс хэтрэхгүй байна л даа. Өндөр мэргэжлийн хүмүүсийг ажилд аваад төсвийнхөө хяналтаар дамжуулж Засгийн газрыг хянах үүрэг функциа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуульд бол тэр заалт байгаа. Тэрийгээ хэрэгжүүлэх хэмжээний хүн хүч, төсвөөр байнгын хороод хангагдаж чадаагүй байгаа. Энэ алдааг залруулах хэрэгтэй. Хүчтэй байнгын хороодод тулгуурласан парламенттай болно. Би ийм зөвлөгөөг урьд өмнө өгч байсан, хэрэгжүүлээгүй.
-Хуулийн гол хэлэлцүүлгүүд явдаг байнгын хороод чинь аягүй чадавхигүй байна, дарга нар нь сул хүмүүс, гишүүд нь шинэ тутам байна гэж шүүмжлэгдээд байгаа. Үүнийг ажлын алба, аппаратын хүчээр давна гэсэн үг үү?
-Байнгын хорооны дарга, гишүүд хэн байхаас үл хамаараад байнгын хороо нь өөрөө чадавхитай, солигддоггүй байх нь одоо ярьж байгаа шинэтгэлийн гол үндэс болно л доо. Ажлын алба, аппаратын ажилтнууд илүү чадавхтай байх ёстой.
-Ямар ч байсан хуучин шиг УИХ дээр гишүүд нэг зүйл яриад, Засгийн газар нь нэг зүйл яриад хоорондоо хэрэлдээд яваад байдаг нь болих нь ээ гэж ойлголоо. УИХ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, бас хянаж ажиллах нь ээ гэж ойлгох уу?
-Тийм. Ер нь бол УИХ-ын Тамгын газар, Байнгын хороодын аппарат илүү шуурхай, чанартай ажиллах ёстой. Тийм болж байж УИХ-ын ажлын үр дүн илүү харагдана. УИХ өөрөө улс төрийн шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр нь урт настай, богино настай байх бол харьцангуй юм. Улс орон өөрөө тогтвортой байхын тулд удаан хугацаанд амьдрах татвар, эрүүгийн хууль гэх мэтийг өдөр болгон шинэчлээд байж болдоггүй, тэр битгий хэл дөрвөн жилдээ шинэчилдэггүй. Одоо хуулийн байгууллагууд реформ хийх гэж байна. Бэлтгэл дөрвөн жил, эхний дөрвөн жил гээд арван хэдэн жилээр ажлаа төлөвлөдөг, их инерцитэй салбарууд байгаа юм. Тэр зүйлүүд бол улс төрөөс хамааралгүйгээр хийгдээд явах ёстой. УИХ-ын Тамгын газар ч гэсэн байнгын хорооддоо тулгуурладаг, Тамгын газар нь тэдэндээ тусалдаг болчих юм бол үүнээс цааш өөрчлөх шаардлага байхгүй шүү дээ. Юм болгон харьцангуй. Аль нэг тал нь зөв, нөгөө нь буруу гэхээсээ илүү өнөөдрийн Монголын нөхцөлд юу нь ажиллаж, юу нь болохгүй байна гэдгээс л шалтгаалж хөдөлнө л дөө.
-Гэхдээ өмнөх УИХ-уудаас өвлөгдөж ирсэн, олон жил яриад ажил болдоггүй асуудлууд байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны хуваарийн өөрчлөлт, улс төрийн намуудын хууль гэх мэтчилэн. Тэр асуудлууд чинь яг хэзээ УИХ дээр орж ирэх юм бэ? Аль алийг нь танай нам цөөнх байхдаа ярьдаг л байсан сэдвүүд шүү дээ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй байна гэдэг нь нөхцөл бүрдээгүй байна аа л гэсэн үг. Ярьдаг хүмүүс нь цөөхөн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-ынхны яриад байгаа тэр том зөвшилцлийг үргэлж шаардаж байгаа. МАН-ын гишүүд УИХ-ын даргыг томилох асуудал дээр их том зөвшилцөл ярьсан шүү дээ, УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөх үүрэгтэй энэ тэр гээд. Үндсэн хуулийн өөрчлөлт яг тийм зөвшилцлийг шаардаж байгаа. Тийм зөвшилцөл байхгүй бол Үндсэн хуулийн ямар ч өөрчлөлт явахгүй.
-Өнгөрсөн парламентын үед танай намаас санаачлаад энэ өөрчлөлтийн асуудлаар УИХ дахь бас нэг том нам болон МАН-тай зөвшилцөөд эхэлчихсэн байсан шүү дээ. Энэ зөвшилцөл яагаад зогсох ёстой гэж?
-Жишээ татья л даа. Өмнөх парламентын үед завсарлагын тухай хуулийг өргөн барьсан гишүүд нь Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг гэх мэтийн гишүүд байгаа. Сонгуулийн өмнө хэн ялах нь тодорхойгүй байсан учраас “Энэ завсарлага төрийн ажилд саад болж байна, хугацаагүй завсарлага авдгийг болиулья, хугацаатай болгоё” гээд хуулиа хэлэлцээд бараг дуусч байсан шүү дээ. Одоо завсарлагын асуудал ороод ирэхэд Байнгын хороо дүгнэлтээ уншаад “За хуулиа баталья” гээд алх тогшчиход л дуусч байгаа юм. Ямар ч санал хураалт байхгүйгээр. Гэтэл сонгуулийн дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид их буруу бодож байсан байна, хугацаагүй завсарлага байх ёстой юм байна” гэж хэлсэн. Сонгуулийн үр дүнгээс хамаараад намуудын болон гишүүдийн байр суурь өөрчлөгдөөд байгаа байхгүй юу. Тийм учраас тодорхой юм ярихад маш хэцүү. Зүгээр нэг завсарлагын хууль дээр тэгж байгаа улсууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах уу. Сая Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сумын Засаг даргыг иргэд шууд сонгодог байхаар Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж оролдлоо шүү дээ. Түүнээс болоод Орон нутгийн сонгуулийн хууль ч гэсэн харзнасан байдалтайгаар хэд хоносон. Бас л болсонгүй. Бүгдээрээ л “Сумын Засаг ИХ-ын 21 гишүүнээс хараат байдаг, тэдэндээ үйлчидгийг болиулья, иргэд шууд сонгодог болъё” гэж ярьж байсан мөртлөө “Тэгвэл Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр үүнийг баталгаажуулчихья” гэхээр “Аа больё, бодоодохъё” гээд хойш тавиад эхэлж байна. Яриа бол зөндөө байгаа. Үндсэн хуулиа өөрчилье гэж байна, засаглалын хэлбэрээ ч өөрчилье гэсэн хүмүүс байгаа. Энэ бүхэн ажил болохгүй байна. Ажил болохын тулд нийт гишүүдийн ¾-ын санал авч байж энэ бүх өөрчлөлт явна. Хуралд оролцсон гишүүдийн биш шүү, УИХ-ын нийт гишүүдийн ¾-ын саналаар.
-Танай намынхан тэгвэл яагаад дуугарахгүй байна, дахиад дараагийн сонгууль дөхүүлж байгаад дуугарах юм уу?
-Манай намынхан бол асуудлаа чирж явах ёстой олонхи шүү дээ. Олонхи энэ асуудал дээр цөөнхийнхөө аяыг харахаас өөр арга байхгүй. Гишүүн болгоны, нам болгоны зөвшилцөл хэрэгтэй. Хот тосгоны хуулиас авахуулаад үргүй зардал гарч байгаа олон асуудал бий шүү дээ. Хуучнаар Булган аймаг гэж байсныг дотор нь Орхон аймаг гээд байгуулчихсан. Сэлэнгэ аймаг гэж байсныг дотор нь Дархан-Уул аймаг гэж гуравхан сумтай аймаг үүсгээд Сэлэнгэ аймгийн Дарханыг тойрсон хүмүүс Дарханаас үйлчилгээгээ авдаг болгочихсон. Төлөвлөлт хийхэд маш хэцүү. Энэ мэтээр хотуудыг цоо шинээр эргэж харах ёстой юм. Хотын сонгууль гэдэг аймгийн сонгуулиас огт өөр. Хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрийн стандарттай юм байна гэдгийг одоо л анзаарч эхэлж байна.
Үндсэн хуульд 2000 онд ганц удаа өөрчлөлт оруулсан, дордуулсан долоон өөрчлөлт гэдэг нэртэй. Түүнээс хойш 12 жилийн турш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилаа, ажил болсон зүйл нэг ч байхгүй. Одоо бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дотор аймгийн төвүүдийг хот болгоно гэсэн зүйл явж байгаа. Хот гэдэг аймаг биш, сум биш, дүүрэг ч биш. Өөр хуультай, өөр сонгуультай. Дэлхийн хотуудын жишиг байна л даа. Сүлжээ нь нэг байгаа газрыг л хот гээд байгаа юм. Цахилгаан, дулаан, тээвэр энэ бүх сүлжээ нь нэг бол нэг хот, энэ сүлжээ хоёр болчих юм бол хоёр дахь хот. Ийм нэг барих юмтай болохгүй бол нэг цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаанаа авдаг, нэг дулаан түгээх сүлжээнээс дулаанаа авдаг Улаанбаатар хотын дөрвөн уулын дундах нэг хэсгийг дөрвөн дүүрэг болгочихоод байгаа нь өөрөө бас л эргэж харах зүйл. Яг эндээ ингэж олон дүүрэг байх ямар хэрэг байгаа юм. Сүлжээгээ дагасан энэ хэсгээ нэг хот гэж нэрлээд хажуугийнхыг нь дагуул хот болгоё л доо. Налайх бол дүүрэг биш дагуул хот л байхгүй юу. Багануур ч бас дагуул хот. Өөр өөрийнхөө сонголтоор, тэнд амьдарч байгаа хүмүүсийнхээ олонхийн саналаар асуудлаа шийдэж байх ёстой. Ингэж асуудлыг харахгүй дүүрэг бол сум юм, аймгийн төв бол сум юмаа гэж яриад байдаг. Гэтэл 30.000 хүнтэй сум, 3000 хүнтэй сум хоёрын хооронд шал өөр зарчмын ялгаа гарч байна шүү дээ.
-Орон нутгийн сонгуулийн хуульд үүнийг тооцсон уу?
-Орон нутгийн сонгуулийн хууль дээр энэ ялгаа маш тод харагдсан шүү дээ. Тэгээд Гончигдорж гишүүн аргаа ядахдаа хүн амын тоог харьцангуй ойр байлгахын тулд томьёо хүртэл бичлээ. 3000 хүнтэй сумын сонгууль, 30.000 хүнтэй аймгийн төвийн сумын сонгууль хоёр шал өөр юм байхгүй юу.
-Тооных нь харьцааг ойртуулж чадсан уу?
-Ер нь бол ойртуулсан. Хүн амын тоо болон засаг захиргааных нь нэгжийг аль алиныг нь тооцсон хоёр хувьсах үзүүлэлтийг тооцож гаргасан ИХ-ын гишүүдийн тоо байгаа. Сонгууль өөрөө хялбархан байх ёстой л доо. Манай сум болгоноос нэг хүн аймгийн ИХ-д суух юм байна гээд нэг мандаттай мажоритари сонгууль явуулах юм бол хүн болгон ойлгоно. Гэх мэтээр засаг захиргааны хуваарийн өөрчлөлт бас л цаг нь тулчихаад шийдлээ хүлээж байгаа асуудал. Одоо бол орон нутгийн сонгуулийг аргалаад л явуулаад байгаа. Энэ бүх зүйл улс төрөөсөө хамаараад хэзээ нэгэн цагт шийдэгдэх ёстой. Тэр цаг нь хичнээн түргэн байна, төдий чинээ л сайн байх.
-Гэхдээ өмнө нь Ардчилсан нам цөөнх байхдаа энэ асуудлыг гаргаж тавьж л байсан, нөгөө намаа ч шахаж шаарддаг байсан. Одоо харин эрх баригч хүчин нэр зүүсэн хойноо бэрхшээл тоочоод суух нь жаахан тааруухан л харагдаж байна?
-Бид УИХ дээр хэнтэй ч ярилгүйгээр асуудлаа авч явах хэмжээний суудал авч чадсангүй л дээ. Тэр нь 39 суудал, ирцээ бүрдүүлээд л асуудлаа шийдээд явдаг. Үндсэн хуулийн өөрчлөлт бол бүх хүнтэй ярьдаг өөр түвшингийн асуудал. Тиймээс зайлшгүй зөвшилцөх үүрэгтэй, ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр. Аймгийн төвүүдийг хот болгох ёстой. Хотын сонгууль, дүүргийн сонгууль, сумын сонгууль гэдэг өөр байна. Төлөөллийн ардчилал учраас төлөөллөө яаж бүрдүүлэх вэ гэдгээс л бүх юм эхэлнэ шүү дээ. 200.000 хүнтэй нэг дүүргийг 40-50 мянган хүнтэй жижиг аймагтай адилтгаж үзэж сонгуулийг нь явуулж болохгүй л байхгүй юу. Нэгэнт тэр дүүргийн, тэр аймгийн бүрэн төлөөлөл болж чадахгүй ИТХ-тай болчихсон бол тэр хурал нь дахиад дөрвөн жилийн хугацаанд өөрчлөлт авчирахгүй л гэсэн үг. Ийм гинжин урвал эхэлчихсэн учраас зогсоож чадахгүй байна. Зогсоох арга нь бүх юмаа тохироод Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийгээд дараагийн 10-20 жил Үндсэн хуулиндаа гар хүрэхгүйгээр тохиролцсон схемээрээ сонгууль гэх мэт бүх ажлаа явуулна гэсэн үг.
-Уг нь та УИХ-ын сул гишүүн, Байнгын хорооны дарга байхдаа их олон асуудлыг гишүүдийнхээ өмнө нь гараад чирч явдаг цөөн гишүүний нэг байсан. Одоо бол зүгээр л олон намын эрх ашгийн уулзвар дээр сууж байдаг хүн болсон юм байна, тийм үү?
-Тэр нь миний үүрэг болсон. УИХ-аар асуудал гаргах үүрэг л надад байгаа.
-Танай намын бодлого, мөрийн хөтөлбөр энд хамаагүй гэсэн үг үү?
-Мөрийн хөтөлбөр, олонхийг дэмжиж ажиллах үүрэгтэй. Асуудлын дарааллууд бас байна л даа. Ердийн олонхиор шийддэг асуудал ихэнх нь байгаа, 100-ны 90 хувь. Гишүүдийн 2/3-оор шийддэг асуудал байна, жишээ нь Хүний хөгжил сангийн хуулийн өөрчлөлт. Нийт гишүүдийн ¾-аар шийдэх ёстой асуудал гэх мэтчилэн асуудал болгоныг шийддэг түвшин нь өөр. Энэ түвшинд нь тохирсон зөвшилцлүүдийг хийж байж асуудал шийдэгдэнэ.
-Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын томилгоо, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлууд, Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо, МАН-ын бүлэг байгуулах тухай хуулийг төслийг хэлэлцүүлээгүй явдал энэ тэр дээр бол цэвэр таны өөрийн байр суурь, эсвэл намын эрх ашиг явсан л гэж би хувьдаа харж байгаа. Өөр олон асуудлыг ингэж шийдэж болдоггүй юм уу?
-Би МАН-ын гишүүдийг дэмжээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд оруулчихья гэж бодъё л доо. Хэлэлцэх эсэхийг нь гишүүд бүгдээрээ байнгын хороо, нэгдсэн чуулган дээр кнопдоно шүү дээ. Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвсэл хоёр нийлээд эсрэг санал өгчих юм бол МАН-ын бүлэг байгуулах асуудал нэг мөсөн хаагдана. Дахиж УИХ дээр орж ирэхгүй. УИХ өөрийгөө илэрхийлчихэж байна шүү дээ, “МАН-ыг бүлэгтэй болгох асуудал энэ дөрвөн жилд яригдахгүй ээ, яагаад гэвэл эд хуулиа зөрчсөн” гээд. Асуудлыг тэгээд мухарлачихаар МАН-д өөрт нь хайран байхгүй юу. Тиймээс би МАН-ынханд “Асуудал нь З.Энхболдод байхгүй ээ. Хэлэлцэх эсэх дээр та нарыг дэмжиж кноп дардаг тэр улсуудтайгаа л ярь” гэдэг зөвлөгөө өгсөн. Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн 44 хүнтэй бүгдээрэнтэй нь ярь гэсэн үг биш шүү дээ. УИХ хоёр бүлэгт хуваагдчихсан байна, цаана нь нэг нам, хоёр бие даагч байна. Энэ улсуудтайгаа л ярьж юмаа дэмжүүл. Миний үзэмжээс хамаарахгүй байхгүй юу. Хорь хоногийн дараа “Бүлэг байгуулья” гээд ороод ирэхэд хуулинд “Бүлгийг 24 цагийн дотор байгуулна” гээд биччихсэн байгаа учраас л болохгүй байгаа юм. Түүнээс биш З.Энхболд Ардын намд дургүйдээ бүлэггүй байлгаад байгаа асуудал ерөөсөө биш. Хуулинд тэгээд биччихсэн, би хуулийг дагаж мөрдөнө гээд тангараг өргөчихсөн учраас ”Ардын нам бүлэггүй арай хэцүү, өрөвдмөөр байна аа. Бүлэг байгуулаад өгчихье” гэдэг дур зоргын, үзэмжийн асуудал байхгүй.
-Өмнө нь УИХ зөндөө л олон удаа хуулиа зөрчиж байсан шүү дээ?
-Тэр бол тэр УИХ-ын асуудал. Миний үед хууль зөрчихгүй. Ялгаа нь ердөө л энэ. УИХ бусад төрийн байгууллагууд, иргэдэд үлгэр үзүүлж байгаа юм. Бүгдээрээ хуулиа мөрдөж ажиллая. Урьд нь хууль хэрэгждэггүй байсан, тэрийгээ цэгцэлье гэж. Өнөөдөр нэг дэх өдөр. Нэг, зургаагаар төгссөн дугаарлалттай машин явахгүй. Үүнээс болоод Улаанбаатарын замын ачаалал 20 хувиар буурч байна шүү дээ. Хагас бүтэн сайн болохоор бүх машин гардаг учраас “замын түгжрэл их байна” гэдэг стресс нь эхэлдэг. Машины дугаарын тархалт жигд байна гэж үзэх юм бол хорин хувийнхаа ачааллыг Улаанбаатар хот өөрөө ухамсартайгаар зохицуулаад эхэлчихлээ. Нэмэгдэл зардал гарч байгаа, тэр цэнхэр хувцастай хүмүүсийн цалин гэх мэтэд. Тэрнээсээ хамаагүй илүү ашгийг Улаанбаатар хот олж байгаа. Хүмүүсийн цаг, нервийн хэмнэлт, стресс буурах хэмжээгээр эрүүл мэндэд ашигтай гэх мэтчилэн. Хууль дүрмээ сахиж биелүүлэх нь том хотын хувьд зайлшгүй болж байна.
-Хотын асуудлын хувьд тийм ээ. Харин УИХ дээр яг үүн шиг өөрчлөлт зэрэгцээд явж болдоггүй юм уу? Шинэ агаар салхи орж ирэхгүй, хуучнаараа л ажиллаж байгаа харагдаад байх юм, хүмүүс яараад байдаг?
-/Инээгээд/ Анхдугаар чуулган дуусаад ээлжит бус чуулганаар юу юу шийдсэнийг чи өөрөө эргээд хар л даа. Хүмүүс аягүй мартамхай байгаа байхгүй юу. Олон жил яригдсан Орон нутгийн сонгуулийн хууль батлагдсан, МАН-ын оролцоотойгоор. 2012 онд УИХ, орон нутгийнхаа сонгуулийг нэг системээр явуулья гээд бид яриад МАН-ын саналыг хүлээж авсан. Өмнө нь улс төрийн намуудын төлөөлөлөөр тойрог, хэсгийн хороодыг бүрдүүлдэг байсныг зөвхөн төрийн албан хаагчдаар бүрдүүлдэг болсон. Энэ мэтээр зөвшилцөл явж байгаа. Сонгуулийн хууль бол зайлшгүй сонгуульд оролцох гэж байгаа нам, эвсэл, бие даагчдын саналыг авч байж гарах ёстой хууль. Энэ бол том дэвшил. Төсвийн орлого алга болсон, хямрал айсуй. Үүнд тааруулсан тодотголоо бас нэг их удаалгүй баталсан. Хүүхдийн мөнгөний хүлээлт байсан, үүнийг бас баталсан. Бүх хүнд хавтгайруулсан халамж өгдгийг болиулсан, зорилтот хэсэгтээ төлөвлөсөн. Тэр нь хүүхэд.
-МАН-ын 21 мянга батлагдаагүй юу?
-Тэр мөнгөний эх үүсвэр байхгүй. Хүүхдийн мөнгө бол ердөө 58 тэрбум байгаа шүү дээ, нөгөөх нь хүүхдэд өгдөгөөс гурав дахин их мөнгө гээд бодохгүй юу. 900 мянган хүүхдэд өгөх, 2,7 сая хүнд 21 мянгыг өгөх хоёр чинь өөр. Хүүхдийн мөнгийг бол төсвийнхөө хэмнэлтээс гаргаж болж байгаа юм. Олон жилийн өмнөөс яригдсан ”ажилласан жил”-ийн асуудал байна. Өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар ажилласан жил нь тасалдсан хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөх юм бол бүтэн тэтгэвэртэй болж байгаа. Ийм асуудлуудыг шийдээд явж байгаа. Үүнийг хүмүүс реформ гэж харахгүй, УИХ хийх ёстой юмаа л хийж байна гэж хардаг. Уг нь бол үнэхээр тулгамдсан асуудлыг хэсэг бүлэг хүмүүсээр хурал хаяуулчихалгүй шийдээд л яваад байгаа юм. Манай УИХ-ын сурталчилгаа муу байж магадгүй, хийсэн ажлаа тайлагнах тал дээр.
-Шинэ дэвшилттэй зүйл гаргаж ярих нь бага хэрнээ хуучнаа ухарч ярьдаг байдал л үргэлжлээд байгаа юм биш үү? Тавантолгойн асуудал огт яваагүй байхад л дахиад нөгөө “эх орончид” нь гарч ирээд, “Оюутолгойн гэрээг өөрчилнө” гэж яриад, хөрөнгө оруулагчид, гадаад орчинд хөөрөл үүсгээд л…
-Зөвхөн Оюутолгойн гэрээ биш, нийтдээ 16 гэрээ байна. 1990 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрээс авахуулаад, түүний дараа “Бороо Гоулд”-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээг оруулаад. Тэр үед уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудал дээр олон нийтийн оролцоо, хяналт тийм сайн байсангүй. Энэ 16 гэрээг бүгдийг нь авч үзье, зөвхөн Оюутолгойг салгаж үзэх нь буруу байна аа гэдэг шийдвэр гарсан. Түүнээс биш Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэж хэн ч яриагүй. Ийм санал хураалт явсан, тэр талаар буруу зөрүү ойлголтыг хэвлэлээр зориудаар тарааж байгаа зүйл байна лээ. Анхны Засгийн газрын өргөн мэдүүлсэн санал яаж өөрчлөгдсөн, тэр хоёрын аль нь илүү улсын ажилд хэрэгтэй байна. Тэр талаас нь хараад анализ хийгээд үзвэл дараагийнх нь хамаагүй илүү, бүх талыг хамарсан байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд бид энэ 16 гэрээн дээрээ анализ хийгээд, үнэлгээ дүгнэлт өгөөд ирээдүйд байгуулах гэрээн дээрээ сургамж авах ёстой. Оюутолгойн асуудал бол тодорхой шүү дээ. УИХ-ын 57 дугаар тогтоол байгаа, тэр бодлого өөрчлөгдөхгүй.
-Гэхдээ тогтоолын хэрэгжилтийг хангах хугацаа болоогүй, шаардлагуудыг хангах ажлууд нь хийгдээгүй байгаа шүү дээ?
-Тийм ээ, болоогүй, хугацаа байгаа. Тэгэхээр бид урьд өмнө алдаа хийсэн байж магадгүй, гэрээ болгон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийе гэдэг саналаа би УИХ дээр хэлсэн. Урьд нь байгуулсан бүх гэрээгээ өнөөдрийн тэнгэрт хадсан зэсийн үнэ, алтны үнэ дээр ярихад өөр л зүйл харагдана. Гэрээ болгон өөрийн байгуулагдах үеийн нөхцөлүүдтэй. Тэр нөхцөлүүдтэйгээ таарч хийгдсэн үү, үгүй юу гэдэг л асуудал байгаа. Мэдээж бүгдийг нь нэг шалгуураар шалгана гэвэл бүх орд улсынх байна, хэний ч оролцоогүйгээр өөрөө авч явна гэдэг нэг талын туйлшрал байна. Ямар ч хувь хэлцэлгүйгээр 100 хувь хувьд нь өгөөд улс зөвхөн татвараа аваад явна гэдэг бас нэг хувилбар байна. УИХ энэ хоёрын дундуур л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр аль нь зөв, аль нь буруу байсан бэ гэдэг дээр гишүүддээ мэдээлэл өгөх хэрэгтэй, олон түмэн ч гэсэн мэдээлэл олж авах эрхтэй.
-Тэр хугацаанд одоо хүлээгдэж байгаа ордууд чинь ашиглагдах уу, үгүй юу? Жишээ нь, Тавантолгой яаж явах гээд байгаа юм?
-Одоо бол нэг их гэрээ хийгдэх гээд хүлээгдээд байгаа ордууд байхгүй. Тавантолгойн орд 100 хувь улсын өмч учраас тэнд хөрөнгө оруулалтын юм уу тогтвортой байдлын гэрээ хийгдэхгүй. Лицензээ өгч явуулахгүй, улс өөрөө цаашаагаа гэрээлэх учраас тэнд хохирол бага гарч байгаа. Тавантолгой компанийн нүүрсээ ухуулах гэрээ, тээвэрлэх, цаашаагаа борлуулах гэрээнүүд л сайн байвал болж байгаа юм. 30-40 жилээр хаагаад хаячих зүйл байхгүй, түрүүн хэлсэн гурван төрлийн гэрээн дээр буруудлаа гэхэд тэр дор нь цуцлаад, дараагийнхыг шалгаруулаад явдаг уян хатан зохицуулалттай байх юм. Оюутолгой бол тэр газар дор хэдэн тонн зэс, алт байгааг мэдэлгүйгээр хийсэн гэрээ. Тавантолгойн хувьд хэдэн метрийн гүнд хэдэн метрийн зузаантай, ямар чанартай нүүрс байгааг бид мэдэж байгаа учраас энэ ордыг ажиллуулахад илүү хялбар байгаа юм.
-Сая Засгийн газар байгуулагдсаны дараа нүүрсний үнэ унасан, худалдан авалт багассан гээд бөөн дуулиан болсон шүү дээ?
-Нүүрсний үнэ хэцүү байгаа, гэхдээ түүхийгээр нь зарах тухайд. Тэгэхээр боловсруулалтын түвшингээ л дээшлүүл гэсэн үг. Дэлхийн ган хайлуулалт буурч байгаа. Гэхдээ буурч байгаа ч гэсэн огт ган хайлуулахаа болихгүй шүү дээ. Тэгэхээр хэрэгцээ бол үргэлж л байна гэсэн үг.
-Дээр нь Монголын төрөөс уул уурхай дээр барих бодлого, хөрөнгө оруулагчид хандах хандлага өөрчлөгдсөн үү гэдэг асуултыг маш олон гадаадын хэвлэл тавьж байсан. Энэ асуултын хариу тодорхойгүй хэвээр байгаа?
-Уул уурхайн бодлого ямар болсныг оны эцсээр батлагдах Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгээс харж болно. Тэр хууль яаж гарахаас харна гэсэн үг. УИХ-ын гаргаж байгаа хууль өөрөө бодлого. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон “А лицензийг Засгийн газар өгнө” гэдэг заалт УИХ-ын хуулинд суугаад гарчихна. Илүү хүнд сурталтай болгож байгаа. А лиценз хэдэн мянгаараа байж, газар сайгүй ухаад байж болохгүй гэсэн үг. Хязгаартай, хэдэн том төслөөр цаашид амьдарна. Хайгуулын лицензийг арилжааны хэрэгсэл болгож байгаа улсуудад биш, үнэхээр хайгуул хийгээд юм барих гэж байгаад нь өгдөг механизм бий болгоно. “Цаас авсан л бол та тодорхой үүрэг хүлээнэ ээ. Чамд өмч хөрөнгө биш, эрхийн бичиг л өгч байгаа юм. Эрхийн бичгээ ашиглаад жилдээ ийм ийм ажил хийгээгүй бол эрхийн бичиг чинь хүчингүй шүү” гэдэг болно. Эцсийн зорилго хайгуул биш шүү дээ. Эцсийн зорилго бол бүтээгдэхүүн.
-Гадаад талд, хөрөнгө оруулагчдад бий болсон тэр савлагаа одоо намжсан уу, эсвэл хүлээлтийн байдалтай л байна уу?
-Ер нь бол хэтэрхий либераль байсан ашигт малтмалын салбар илүү мэргэжлийн болох ёстой. 2006 оноос өмнө бүр задгай байсан, 2006 онд нэг удаа хумьсан, одоо дахиад хумигдана л гэсэн үг. Үнэхээр л юм хийж байгаа компаниуд нь зах зээл дээрээ үлдэж, жижиг гарын ченжүүд нь алга болох ёстой. Үр ашиггүй, байгальд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг уурхайнууд хаагдана. Хятадад сая 2900 жижиг уурхайг хаалаа гэж байна. Том улс болохоор тоо нь олон байна л даа. Байгаль орчин бохирдуулж байна, хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй байна.
-Манайд яг ийм шалтгаанаар хаагдсан уурхай одоохондоо байхгүй шүү дээ?
-Манайх ажиллаж байгаа уурхайнууд нь цөөхөн байна л даа. Урт нэртэй хууль гарсны дараа маш олон алтны жижиг уурхай хаагдсан шүү дээ. Нүүрсний ажиллаж байгаа уурхай нь цөөхөн юм даа.