Ашигт малтмалын хуулийн хэрэгжилтийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийн хэрэгжилтийг шалгажээ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Ашигт малтмалын тухай” болон “Газрын хэвлийн тухай” хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад нэлээд дутагдал илэрсэн байна. Тэдгээр зөрчлийн шалтгаан  нь сумын эрх бүхий  хүмүүс “Ашигт малтмалын тухай”  болон  “Газрын хэвлийн тухай” хуулиар хүлээсэн эрх, үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан, түгээмэл болон ердийн ашигт малтмалыг ялгадаггүй, ашиг орлогын хойноос хөөцөлдөж байгаатай холбоотой ажээ. Шалгалтын дүнгээс үзэхэд  Бүрэгхангай суманд аж ахуйн нэгжид олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон, Хангал суманд элсний карьерийг аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр олгосон зэрэг нь  хуулийн  холбогдох заалтуудыг зөрчиж байгаа аж. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь уурхайн талбайн шав тэмдэггүй, хамгаалалтгүй, уурхайн эдэлбэр газар ашиглах гэрээ, гэрчилгээгүй, уурхайг төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисст хүлээлгэж өгөөгүй, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах усны гэрээ, дүгнэлт гаргуулаагүй, усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулаагүй зэрэг нь “Газрын хэвлийн тухай” болон “Усны тухай”, “Ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ.

Ж.МӨНХ-ОЧИР (БУЛГАН)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж